2019-04-04 00:32

Ч.Сайханбилэгийн алдааг засаж, Дубайн гэрээг цуцлах эсэхийг У.Хүрэлсүх шийднэ


УИХ-ын даргын захирамжаар  байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг гаргасан билээ.

2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр уг ажлын хэсгийн 12 гишүүний 8 нь санал дүгнэлтээ гарган, гарын үсэг зурж, УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн юм.

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ тухай: “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж ҮАБЗ-өөр хэлэлцэн зөвлөмж гаргаж өгөхийг хүссэн. Цаашид УИХ-ын Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах эсэх ажлын хэсгийг өөрчилж, нэмж сайжруулах уу зэрэг чиглэл УИХ-ын даргаас ирэх байх.

 

Оюутолгойн гэрээнд засаж сайжруулах олон зүйл бий. Ялангуяа далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байна.

Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлыг гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас тодорхой чиглэлийг ҮАБЗ-өөс авах нь зөв гэж үзсэн.

 

 

“Оюутолгойн гэрээ”-нд ямар зүйл дээр алдсан, юун дээр оносон гэдгийг мэдэх нь зүйтэй. Олон асуудал орсон учраас Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай, алдаа дутагдлыг засаж сайжруулж, зөв зүйлийг нь дэмжээд яваасай гэж хүсэж байна.

 

Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ Монголын төр гэж байгаа бол үүнийг зөв зүйтэй талаас нь засаж сайжруулах ёстой гэдгийг хатуу илэрхийлж байна” хэмээсэн аж.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажиллажээ.

Тэд хяналт шалгалтыг  Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна  Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд 5 дэд ажлын хэсэг байгуулж ажилласан байна.

 

Ажлын хэсэг санал дүгнэлтээ:

 

1.Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх;

 

2.Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан, өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж;

 

3.Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-ний дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, үүнээс шалтгаалан Монгол Улсад оногдох ногдол ашиг, эзэмших хувь хэмжээнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл;

 

4.Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт авахаар Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Монгол Улсын шууд болон шууд бусаар хүлээх хариуцлага, эерэг, сөрөг талууд;

 

5.Төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл;

 

6.“Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсад төлсөн нийт татварын хэмжээ, төлбөр, хураамжаар оруулсан мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл;

 

7.“Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо, тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үндсэн 7 чиглэлээр гаргасан юм байна.

Ингэснээр Ч.Сайханбилэгийн алдааг засаж, Дубайд байгуулсан Оюутолгойн далд уурхайн  гэрээг цуцлах эсэхийг УИХ-д 64 суудалтай Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх шийдэхээр болж байна.

УИХ-ын даргаар түүний багийн Г.Занданшатар томилогдсоноор үндсэндээ УИХ, Засгийн Газрын бүх эрх мэдэл У.Хүрэлсүхийн гарт төвлөрөөд буй билээ.

П.Энхмандах

sonin.mn


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • (66.181.183.249 / 2019-04-16 21:49 )

    тэрбишдагва тууштай ажиллахгүй айж дүлэгнээд өөрөөсөө зайлуулах л гээд байх шиг байна ш дээ. сайханбилэг гадныханий үгээр гадныханы гар хөл болж л нөлөөнд автаж балаг тарьсан. засаж заларуулах гэж бөөн ажил ундрах байх.

  • (66.181.183.249 / 2019-04-16 21:40 )