2019-04-01 01:40

У.Хүрэлсүх 2020 онд М.Энхболдод тойрог өгөх үү?


УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Намыг Миеэгомбын Энхболд удирдан орж, парламентад нийт 65 суудалтай болж үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Намаа сонгуульд ялуулсан намын даргын хувиар М.Энхболд УИХ-ын дарга болж, өөрийн фракцийн гэгддэг Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Сайд болгосон.

 

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвшсэн.

Харамсалтай нь түүнээс хойш М.Энхболдын улс төрийн замнал бүхэлдээ уруудаж эхэлсэн билээ.

 

М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдсанаас хойш МАН-ынхан Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулж, М.Энхболдыг МАН-ын даргаас чөлөөлж, Д.Хаянхярвааг УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга, Су.Батболдыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас огцруулж, "60 тэрбум"-ын бичлэгт оролцсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг МАН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэтээр үйл явдал өрнөсөн.

Эцэст нь 2019 оны 1 сарын 19-нд  болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол баталснаар, тэрээр үндсэндээ эрх мэдлээ бүхэлд нь алдсан юм.

Мөн УИХ-ын 2020 оны сонгуульд М.Энхболдыг МАН-аас нэр дэвшүүлэх эсэх нь ч эргэлзээтэй талаар эх сурвалжууд ярьж байна.

Харин М.Энхболд үүнд нэг их эргэлзэхгүй байгаа бололтой Төв аймагт буюу өөрийнхөө сонгогдсон тойрогт идэвхтэй ажиллаж буй аж.

Хэдийгээр дүрмээрээ бол орон нутгийн намын байгууллага нь анхлан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулдаг гэдэг ч үнэндээ намын дарга нь л эцэслэн шийддэг нь нууц биш.

Тэгэхээр У.Хүрэлсүх 2020 онд арай ч өөрт нь нэр дэвших тойрог өгөхгүй байх хэмжээнд хүртлээ хатуурхахгүй байх гэж М.Энхболд тооцоолж буй бололтой.

Харин У.Хүрэлсүх хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

Э.Мягмар

www.sonin.mn

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно