2019-03-14 00:09

Элбэгдорж-Энхбаяртан Засгийн газрыг УИХ-д авч өгсөн нь ямар гажуудал дагуулав?


Урвуулагдсан УИХ

Эрх мэдэл хүнийг урвуулдгийн нэг адил засаглах эрх мэдэл парламентыг ч бүрмөсөн урвуулав (corrupts). Элбэгдорж-Энхбаяртан Засгийн газрыг УИХ-д авч өгснөөр хурлын хууль тогтоох, улсын, нийтийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэг нь хойш тавигдаж, харин улсыг, нийтийг засаглах нь түүний үндсэн чиг үүрэг, зорилго болов. Хурлын гишүүдийн үндсэн зорилго нь засаглах, сайд болох явдал болов. Тиймээс ч гишүүд бүгдээрээ 76-уулаа засгийн, сайдын ногттой хуралд ирдэг болов. Хууль тогтоох тэдний голыг гогоддоггүй юм. Харин хурал засагт орох зам, дамжлага учраас л зүтгэх. Хурал хууль тогтоогчдын бус засгийн, сайдын амбицын цуглаан болов. Тиймээс хурал засагт орох шат, дамжлага, клуб.

Энэ клуб нь зөвхөн өөрсдөө өөрсдөөсөө засгийг байгуулдаг учир засаг байгуулах клуб болов, хурлын гол бизнес засаг байгуулах. 

Гэхдээ ижил, тэгш эрхтэй, мандаттай, саналтай, эрх мэдэлтэй, ногттой клуб. Хэн нь ч сайд болох ижил, тэгш эрхтэй, мандаттай, саналтай, эрх мэдэлтэй, ногттой. Дөрвөн жилийн хугацаатай клуб учир дөрвөн жилд амжиж засагт орох ёстой. Хэдэн зуугаар тоологддог бие биеэ чөдөрлөдөг, тушдаг давхар танхимтай Англи, Герман, Итали, Японы клубуудийг бодвол ганц танхимтай чөдөр, тушаагүй хэдхэн арван гишүүнтэй учир хэн бүхэнд засагт орох боломж өндөр. Тиймээс л итгэл найдвар, хүлээлт, ээлж, дараалал үүсэх. Ээлжилдэг дүрэмтэй бол (2004-2008 онд намаараа ээлжлэх дүрэм тогтоох шахсан), эсвэл эвтэй гавтай ээлжилбэл далан зургуулаа ч дөрвөн жилд амжиж болох. Даанч ээлжилдэг дүрэм үгүй. Засаг унахаас нааш ээлж, халаа ирэхгүй. Үнэндээ засаг унагах нь ээлж, халаа авах арга. Тиймээс ч засаг унах. Энэ нь засаг унахын, унадгийн үндсэн шалтгаан. Тиймээс хурал засаг унагах клуб болов, хурлын бизнес засаг унагах.

Мэдээж засаг байгуулах, унагахад 76 цорын ганц тоглогчид биш. Ерөнхийлөгч хөндлөнгөөс оролцоно.

 

Эрх мэдэл зулгаах боломжийг, эвлэж ажиллах, эвгүйтвэл түлхэх боломжтой хамт хайх. Өөрийнх нь нам, фракц, жигүүр хурлын олонх болсон үед, эсвэл хуралд хүчтэй цөөнх болсон үед энэ магадлал өндөр. Засаг унагахад энэ хүчтэй байсныг Багабанди ч, Энхбаяр ч, Элбэгдорж ч яруу тод харуулсан. Багабанди хүчтэй цөөнхтэй байсан бол Энхбаяр, Элбэгдорж нар өөрсдийнхөө намын засгуудыг нухахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлох хэрэгтэй. Гэхдээ Ерөнхийлөгч нэг л тоглогч, нэг л хүчин зүйл. Өөр юу ч биш. Үндсэн нөхцөл өөрчлөгдөхгүй. Тиймээс засаг унахын үндсэн нөхцөл нь хурлын олон хүсэл зориг, шунал санаархал, засгийн цөөн суудал. Засгийн суудал сарвайхад хүрэхүйц ойрхон учир хурал бүгдээрээ тийшээ зүтгэх харин засагт багтаах суудал дутахад хуралд ээлжлэх найдвар үлдэх.

Ардчилсан сонгуулиар сонгогдсон, улмаар гишүүн бүр нэг саналтай, эцэст нь аливаа шийдвэрийг санал хурааж гаргах учир засаг байгуулах тухайд хурал нь гишүүн бүр нь өрсөлдөх эрхтэй сонгогдогчдын бас сонгогчдын сонгуулийн ардчилсан клуб. Гэвч тэдэнд нэр дэвших буюу сонгуульд идэвхтэй оролцох, санал өгөх буюу сонгуульд идэвхгүй ч оролцох эрх байхгүй.

 

Үндсэн хуулийн коммунист эцэгс нь тэдний нэрээ дэвшүүлэх эрхийг хураагаад нэр дэвшүүлэх эрх болгоод Ерөнхийлөгч, нам хоёрт өгчихсөн байв. Харин Элбэгдорж-Энхбаяртан Ерөнхийлөгчийг зайлуулж нэр дэвшүүлэх эрхийг зөвхөн намд, намын дарга удирдлагад монополчилсон.

Харин Засгийн газрыг томилоход гишүүдийн саналыг ил болгосноор 1)“сонгууль”-итгэл үзүүлэх санал хураалт үгүйсгэгдэв, 2) нам парламентыг бүрмөсөн халан орлов. Санал хураалтыг ил болгохын зорилго нь гишүүдийг намын зорилго, бодлогын дагуу санал өгүүлэх, эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага, тооцох, шийтгэх явдал. Ингэснээр гишүүд намын эсрэг санал өгөх боломжгүй болж, үндсэндээ тэдний саналыг нам эзэмшдэг болж хувирч байгаа юм.  Ингэснээр нам үндсэндээ парламентыг халж, парламентыг орлож парламентын оронд нам засаглаж байгаа юм. Мөн санал хураалтыг ил болгосноор аливаа асуудлыг ижил тэгш нэг саналтай гишүүд санал хурааж шийдвэрлэх ардчилсан төрийн зарчим үгүйсгэгдэж байгаа юм. Мэдээж нууц санал хураалтаар гишүүд нь дэмжихгүй байгаа аливаа шийдвэр ардчилсан бус төдийгүй дарга удирдлагын зүгээс, эсвэл хөндлөнгөөс хүчилсэн, хүчиндсэн шийдвэр байх нь ойлгомжтой. Санал хураалтыг ил  болгохын зорилго нь чухам тийм шийдвэрийг хүчиндэх явдал.  Тиймээс санал хураалт үгүйсгэгдэж, түүнтэй хамт УИХ-ын гишүүдийн чөлөөтэй сонголтоор УИХ-ын танхимд гарах ёстой бүгд найрамдах улсын шийдвэр үгүйсгэгдэж “ил санал хураалт нь” намын гаргасан шийдвэрийг ёсчлох, батламжлах ёслол болж хувирч байгаа юм. Ингэснээр санал хураалт санал хураалт биш харин намын шийдвэр болж байгаа юм. Мөн ингэснээр шийдвэр гаргалт парламентын танхимаас намын танхимд, төрийн ордноос намын ордонд, тайзнаас тайзны ар луу шилжиж байгаа юм. Тиймээс ил санал хураалт гэгч нь бүгдийн, бүгд найрамдах төрийн, парламентын эрх мэдлийг нам, намын дарга удирдлага хураан авсныг далдлах, халхлах ил харагдах хөшиг юм. 

Үр дүнд нь бүгдийн эрх мэдэл хэсэгт, нийтийн эрх мэдэл талд, төрийн эрх мэдэл намд, парламентын эрх мэдэл олонх хэмээх 39-ийн бүлэг  шилжиж байгаа юм. Энэ бүх эрх мэдлийг хэсэг, тал, нам, олонх гэдэг бүлэглэлд шилжүүлж байгаа хөсөг нь УИХ. Үүнтэй хамт УИХ-ын бүх эрх мэдлийг бүлэг, бүлэглэл гартаа авч байгаа юм. Тиймээс УИХ засаг байгуулах ч, унагах ч клуб биш. Үндсэндээ эрх нь эвдэгдчихсэн, тиймээс эвдэрхий (corruptus), эрх нь урвуулагдчихсан (corrupted)клуб. Энэ урвуулгыг (corruption) хийсэн этгээд нь Элбэгдорж-Энхбаяртан. Чухам тэдний урвалт (betrayal), урвуулга ардчилал, сонгуулийг үгүйсгэж бүгдийн, бүгд найрамдах төрийн, парламентын эрх мэдлийг хэсэг (part), нам тал (party), талчирхсан намчирхсан (partisan) бүлэг тэдний тусгай ашиг сонирхлын (particular interests) гарт өгсөн юм. Үүний улмаас бүгдийн, бүгд найрамдах улсын эрхийг төвлөрүүлсэн УИХ нь нам-тал-бүлгийн засаглалын хөсөг болж хувирсан юм.

 

Нэгэнт Элбэгдорж Энхбаяртан Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх эрхийг мөн нам-тал-бүлэгт булаан авсан, улмаар уг бүлэг парламентыг өөрсдийн засаглалын хөсөг болгосон учир бүгдийн, бүгд найрамдах улсын ч, төрийн ч орой дээр нам заларч байгаа юм. Харин тэр нам нь хэсэг бүлэг иргэдийн нийгмийнхээ болон өөрсдийнхөө ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс эвлэлдэн нэгдсэн, нам-талынхаа болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах сайн дурын байгууллага. Монгол улсын иргэдийн “хувийн үзэл бодол, ашиг сонирхлын” эвлэл, нэгдэл, бүлэг, анги, хэсэг, тал, талцлын, талчирхсан бүлэглэл. Мэдээж энэ нь дээр дурдсанаар “Монголын ард түмэн бид” бүгдээрээ оролцож, бүгдийнхээ төлөө байгуулсан Монголын ард түмэн бид  бүгдийн бүгд найрамдах төр ч биш, улс ч биш. Монголын бүгд найрамдах улс 3 сая гаран иргэнтэй, 2 сая шахам сонгогчидтой улс. Нэг ч иргэн, нэг ч сонгогчийг итгэл, үнэмшил, эрх ашгаар нь үл ялгах, иргэн нэг бүрийг итгэл үнэмшил, эрх ашигтай нь тэврэх. Харин Монголын нам хэмээх эдгээр тал, талцал, талчирхлын бүлэглэлүүдийн “том” нь өөрсдийнх өсгөн тунхаглаж буйгаар хамгийн дээд тал нь 180 мянган гишүүнтэй, хэрэг дээрээ Бага хурал, Үндэсний бодлогын хороо нэртэй тус бүрдээ 300 гаран хүн, яг хэрэг дээрээ Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөл мэт 30 хүний клуб. Бүгд хэсэг, бүлэг, анги, тал, төдийгүй анги, тал, хэсэг, бүлгийн ангижсан, талцсан, талчирхсан ашиг сонирхлын бүлэглэл. Бүх зүйлээрээ бүгд найрамдах улсын, бүгд найрамдах төрийн үзэл санаа, зарчимд харш бүлэглэл. Бүх эрх мэдэл нь Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөл гэх дарга удирдлагын “төв байгууллагад” төвлөрсөн бүлэглэл. Чухам тийм учир л УИХ биш харин Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөл шийдвэр гаргаад тэр шийдвэрийг УИХ дуулгавартайгаар ёсчлон бүгд найрамдах улсын шийдвэр болгож ард түмэн дээр тохож байгаа юм.

 

Харин бүгд найрамдах улсын хуулиар улсын, төрийн шийдвэрийг нам гаргах зүй ч, ёс ч, хууль ч байхгүй. Тиймээс нам төрийн өмнөөс шийдвэр гаргавал зүй бус, ёс бус, хууль бус.

 

Намын шийдвэр хөндлөнгийн, тиймээс хөшигний арын, зүй бус, ёс бус, хууль бус шийдвэр. Тиймээс ч төрийн шийдвэрийг нам угаасаа гаргадаггүй юм. Тиймээс ч намын, хөнлөнгийн шийдвэрийг зүй ёсны, хууль ёсны болгохын тулд л УИХ түүнийг нь ёслох ёстой бөгөөд тэгж байж л намын, хөндлөнгийн шийдвэр төрийн зүй ёсны, хууль ёсны шийдвэр болж байгаа юм. Чухам тиймээс л УИХ-ын ёсолгоо хэрэгтэй байгаа юм. Тиймээс л УИХ-ын олонх буюу 39 шийдвэрлэх учир холбогдолтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл намын дарга, удирдлага буюу “төв байгууллагын” шийдвэр 39-ийн шийдвэр болох ёстой юм. Чухам 39-ийг хүчлэх, хүчиндэхийн тулд л УИХ-д ил санал хураалтын хөшиг татаж шийдвэр гаргалтыг хөшигний ард, намд, намын удирдлагад авчирсан хэрэг. 

 

Хөшигний ард шийдвэр яаж гарах вэ? Хэрвээ намын шийдвэр ардчилсан замаар гардаг, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах этгээдүүд нь нууцаар санал хурааж гаргадаг байсан бол угаасаа УИХ-ын санал хураалтыг ил болгох шаардлагагүй байсан нь ойлгомжтой. Тиймээс хөшиг таталт нь нам буюу намын дарга, удирдлага шийдвэрийг бүрмөсөн авч УИХ-ын гишүүдийн оролцоог бүрмөсөн цуцалсан хэрэг биш харин бүгд найрамдах улсын, төрийн, УИХ-ын шийдвэрийг намын дарга, удирдлага ба УИХ-ын гишүүний албыг хугацаатай хашиж байгаа 39 этгээд өөрсдийн “хувийн” хэрэг, бизнес болгосон хэрэг. Мэдээж 39 этгээдийн хэсэг нь намын “төв байгууллагын” 30 дотор байх нь ойлгомжтой, тиймээс энэ нь “давхар дээлтэй” төдийгүй нэг захтай, даргатай ч бүлэг.

 

Энэ бүлэг харин шийдвэрээ хурал, зөвшилцөл, тохиролцоо, арилжаа, солилцооны (transactional relationship) замаар гардаг юм. Өөрөөр хэлбэл олны нүднээс далд чөлөөтэй зөвшилцөнө, тохиролцоно, арилжина, солилцоно л гэсэн үг. Эцсийн эцэст УИХ-ын 39 ижил тэгш эрхтэй, нэг саналтай ч учраас ч зөвшилцөх, тохиролцох, арилжих, солилцох хэрэгтэй болдог юм. Тиймээс энэ үйл ажиллагаа нь зүйрлэвэл сонгогчтой тохиролцон саналыг нь худалдан авахтай адил зүйл. Үндсэндээ талцах, хамтрах, амлах, андгайлах, хуйвалдах, хулхитах, худалдах, худалдан авах, хүчлэх, хүчиндэх үйл ажиллагаа. Энэ нь хурал, зөвшилцөл, тохиролцоо нь зүй нь УИХ-ын танхимд явагдах ёстой байсан нууц санал хураалт чухам энд  жинхэнэ нууц, далд саналын тохиролцоо болон явагдаж буй нь энэ. Гэхдээ тохиролцоо, арилжаа, солилцоо итгэл үзүүлэх сонгууль, санал хураалт биш, харин бизнесийн харилцаа (business transaction). Тиймээс энэ нь үнэндээ саналын солилцооны, арилжааны зах зээл, зөвшилцөл, хуйвалдаан, тохиролцооны талбар.

 

Нам, намын дарга, удирдлага гол брокер. 

Энэ зах зээл дээр санал талцагдана, хамтрагдана, солилцогдоно, арилжигдана, цуглуулагдана. Зах зээлийн үндсэн бараа нь санал-эрх мэдэл. 

 

Үндсэндээ эрх мэдлийн, засгийн суудлын зах зээл. Саналын олон нь эрх мэдэл, засаг, сайд, цөөн нь хасагдал. Унагаж байж л засагт орох боломж нээгдэх учир хасагдсан цөөнх нь үргэлж олонхын ч, засгийн ч эсрэг, мөн тууштай, шургуу. Хэсэг нь их сонгуулиар цөөнхийн суудалд шидэгдэх нь түгээмэл. Гэвч тэд үргэлж хасагдсан ч биш, бас ганцаараа ч биш. Засгийн суудал цөөн тулд олонх дотор ч цөөнх үүсэх, үлдэх. Өөрсдийнхөндөө жийгдэх нь өшрөлд хүргэх нь ёс учир өшөөтэй, хорсолтой цөөнх үүсэх. Эцэст нь хүчтэй, нөлөөтэй, хөрөнгөтэй нам, фракц, секц, жигүүрүүд засаг бүрдүүлнэ. Доод талын тоо 39. 37 хүртэлх нь цөөнх. Олонхын хориод нь сайдын сэнтийд залрах. Үлдсэн нь арилжаагаа авах нь аваад, амлалтаа хүлээх нь хүлээгээд ар талыг нь даана. Сонгуулийн цөөнх засгийг илтэд, шаргуу ноцох, хорсолтой цөөнх далд хөнөөх, ар дааж хоцорсон хэд үнэд орох, эгзэг хүлээх. Сайн хийе гэвэл өөрөө хий гэдгийг ар дааж үлдсэн хэд ч сайн мэднэ. Засаг байгуулах, буулгах нь хүрд эргүүлэх боломж төдийгүй санал үнэд орох цаг. Тиймээс засаг буулгах, байгуулах нь засагт орох боломж төдийгүй, засгийн гаднах саналыг үргэлж үнэд хүргэх. Тиймээс засаг унагах, байгуулах нь бизнес. Хамгийн гол нь засаг энэ солилцоо, арилжаа, тохиролцооны үр дүн. Тиймээс засаг нь хуралдаа энэ солилцоо, арилжаа, тохиролцооны харилцаагаар уягдах төдийгүй, солилцоо, арилжаа, тохиролцооны харилцаа нь түүнд нэвт шингэнэ. Засаг тохиролцоондоо уягдана, хүлэгдэнэ. Сайд нар нь амлалт, ам тангарагтаа дарагдана. Ингэснээр арилжаа, солилцоо, тохиролцооны харилцаа нь засгийн эд эрхтэнд нэвт шингэнэ, түүний орших арга(modus vivendi), ажиллах арга (modus operandi) болно. Тэр нь засгийн бүтэц, бүрэлдэхүүн, эрх мэдэл, удирдлага, сахилга бат, ажиллах чадвар, үйл ажиллагаанд төдийгүй орших, унахад гүн гүнзгий үр дагавартай байх. Энэ нь УИХ-ын нууц санал хураалтыг нууц тохиролцоогоор халсны зайлшгүй үр дагавар.  

УИХ нь Монгол улсын нийтийн, бүгдийн, улсын (хүнийсгэсэн хэлээр бол төрийн) гэсэн бүх эд баялаг, төсөв мөнгө, хөрөнгө, нөөцийг захирах, зарцуулах клуб. Харин засаг нь түүнийг гардан хэрэгжүүлэх хороо. Тиймээс хурлыг байгуулахад ч, засгийг байгуулахад ч аливаа хөрөнгө, нөөцийн буюу эдийн “засгийн” сонирхол, эрх мэдэл хамгийн хүчтэй оролцоно. Эдийн, хөрөнгийн сонирхол, санал, эрх мэдлээрээ олонх, цөөнх, нам, фракц, секц, жигүүр үүсэх. Нэгэнт эдийн засгийн хүчин чадал, сонирхлоор ялгарал явагдах учир эдийн “засагтай” нь буюу эдийн, хөрөнгийн эрх мэдэлтэй нь олонх болно. Харин эдийн, хөрөнгийн “засаггүй”, эрх мэдэлгүй нь цөөнх. Үгээгүй нь сонгогчдын дийлэнх учир тэд хамгийн түрүүний цөөнх, гэхдээ бүр цөөнхийн цөөнх. Гэвч ардчилсан үзэл санаагаар бүгд найрамдах улсын иргэд бүгд ижил, тэгш эрхтэй, саналтай байх ёстой учир эдийн, хөрөнгийн эрх мэдлийн нам, фракц, секц, жигүүр хөшигний, гивлүүрийн, багны ард үүсэх. Тиймээс хөшигний ар хөрөнгийн, хөрөнгөтний тайз, хөндлөнгийн нөлөөний талбар. Хөшиг нийгмийн суурь хуваагдлын биелэл. Тиймээс УИХ-ын танхимд татсан ил санал хураалтын хөшиг нь энэ суурь хуваагдлын биелэл.

Хөшигний арын хөндлөнгийн сонирхол засгийн эрх мэдлийг сүүдэр мэт дагах. Сонгууль өртөг өндөртэй байх тусам хөшигний арын, эдийн засгийн, хөрөнгийн эрх мэдэл, сонирхлын нөлөө хүчтэй байх, тиймээс сонгууль өртөг өндөртэй байх нь хөшигний арын, хөндлөнгийн, хөрөнгийн, хөрөнгөтний эрх мэдлийн эрх ашигт нийцэх. Учир нь энэ нь элдэв өрсөлдөгчдийг нь устгаж, цэвэрлэж өгөх. Энэ өнцгөөс 76 нь ард түмний, бүрэн эрхт элч, төлөөлөгчид ч, мөн бие даасан төлөөлөгчид ч биш. Харин хөшигний арын, хөндлөнгийн, хөрөнгийн эрх мэдлийн сонирхол тэдний зорилго, зорилтод өндөр дээгүүр суурь эзлэх. Хөшигний арын сонирхлын хөлсний цэрэг, шатрын хүү ч цөөнгүй. Засаг бүтэх, унахад хөшигний арын сонирхол шийдвэрлэх учир холбогдолтой байх нь ч цөөнгүй. Чухам тиймээс ч улс төрийн намууд нь хөшигний арын бүлэглэлийн хөсөг болох. “Намын байрны гадаа ирээд цүнхтэй өгөөд оруулахад” алга болсон мөнгө ийм сонирхлын хэвийн нь биш харин осол, эндэгдэл нь. Тэр ч байтугай компаниуд өөрсдийн намтай, фракцтай, жигүүртэй, гишүүнтэй, бүлэгтэй, тойрогтой байх нь хэвийн үзэгдэл болсон байх. Компанийн эзэд, захирал, хувьцаа эзэмшигчид 76 суудлыг бараг тэр чигээр нь эзлээд дуусаж байх. Уул уурхайн баялгийн буянаар хөрөнгө оруулагчид ч хөшигний арын, хөрөнгийн засгийн, зах зээлийн хүчтэй тоглогчид. Тиймээс засаг бүтэх, унах нь нөөцийн, баялгийн, хөрөнгийн хуваарилалт. Бизнесийн хэлэлцээр, талцаан, хуйвалдаан, арилжаа, худалдаан, нэг үгээр, өөрөө бизнес. Мэдээж засгийн суудал ч, аливаа нөөц ч, хөрөнгө ч хомс. Тиймээс булаалдах. Ялагч, ялагдагч “тодрох”. Ялагдагчид сөрөг хүчин болох. Сөрөг хүчин засгийн эсрэг тэмцэлд босох. Энэ нь мэдээж хурал засгаа нухах нэг суурь шалтгаан. 

 

Мэдээж олон оролцогчид, олон сонирхол аль аль нь хаа сайгүй байх. Монголын онцлог биш. Тэд газар сайгүй засгийг бүтээх, унагахад хувь нэмрээ оруулах, хөрөнгө хүчээ зарцуулах. Тиймээс тэд Монголын засгийг байгуулах, унагахын гол эзэн нь ч, буруутан нь ч бас биш. Харин эзэн нь, буруутан нь, эсвэл гавьяатан нь хурал-зөвлөл өөрөө. Чухам хурал өөрөө засаглах, өөрөөсөө өөрөө засгийг байгуулах, буулгах эрхтэйнх. Чухам эл учраас ч 76 суудлыг нь бараг “бизнесмен-улс төрчид”, эсвэл “улс төрч-бизнесменүүд” эзлээд байгаа юм. Тэдний бизнес улсын засаг авах, нийтийн баялаг хуваарилах. Харин эдийн засгийн, хөрөнгийн хөндлөнгийн оролцоо, санаархал нь тэдний бизнесийн зах зээл. Тэнд хуралчид саналаа, эрх мэдлээ урвуулах, борлуулах, арилжих бизнес эрхлэх. Үүнийг толгойтой бүхэн гадарлах. Харин хууль тогтоох л хурлын эрх мэдэл байсан бол хурал ч, хуралчид ч, нам ч, намчид ч ийм байх байсан болов уу гэж хэн ч үл асуух.

 

Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно