2019-03-11 03:40

Ээлжит бус чуулганы хүлээлт буюу АТГ-ын хувь заяа


УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товлоод байгаа билээ. Намрын чуулганаар хэлэлцэхээр баталсан хуулиудаа эцэслэж амжаагүй учраас ээлжит бус чуулганы хүлээлт аль хэдийнээс эхэлсэн. Ингэхдээ чухам ямар хууль, тогтоомжийг батлан гаргах вэ.

Ерөнхийлөгчийн зөвлөсөнчлөн хууль, хүчний зарим байгууллагын удирдлагад өөрчлөлт оруулж, энэ чиглэлийн томилгоо хийсээр дуусах уу эсвэл чуулганаас чуулган дамжсаар жил тойрсон Алтны татварын болон Татварын багц хууль, Тендерийн тухай зэрэг хуулийг хэлэлцэх үү. УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах болсон шалтгаан нь шийдлээ хүлээсэн асуудлууд овоорсон учраас гэх энгийн тайлбартай. Өөрөөр хэлбэл, намрын ээлжит чуулганы хугацаанд зарим гишүүний зүгээс ирцээр бойкотлон улс төр хийснээс үүдэлтэйгээр нэгдсэн чуулганыг 40 гаруй хоног тасалдуулсан. Хэлэлцэхээр товлосон асуудлаа эцэслэж амжаагүй байтал завсарлах хугацаа тулсан байдаг. Эцэст нь хоёр чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг нэгд багтаан шахах шаардлага үүссэн юм. Дээрээс нь хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бэлэн болгож, хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Ажлын хэсгийнхэн хоёр жил гаруйн хугацаанд ажилласан учраас бэлтгэлээ бүрэн хангасан хэмээж буй. Хэрвээ уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд эхэлчихвэл өөр асуудал хэлэлцдэггүй дэгтэй. Энэ мэтээр бусад асуудлыг хэлэлцэх хугацаа хомс байгаа учраас чуулганыг ийнхүү ээлжит бусаар хуралдуулахаар болсон юм.

 

 

Ц.ЦОЛМОН: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ БЭЛЭН БОЛГОНО

 

УИХ-ын Тамгын газрын зүгээс ээлжит бус чуулганы бэлтгэл болгож, энэ сарын эхээр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Учир нь, ээлжит бус чуулганыг зохион байгуулахын тулд бэлэн болсон буюу ажлын хэсэг нь гараад холбогдох судалгаанаас гадна хэлэлцүүлгийг зохион байгуулснаар тэндээс оруулсан саналыг тусгаж бэлэн болгосон байх учиртай юм. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас Ашигт малтмалын болон Тендерийн тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдгээр асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээс гадна хэд хэдэн асуудлыг нэмж тусгажээ. Энэ тухайд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит  бус чуулганыг энэ сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон. Зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга захирамж гаргаад байна. Энэ захирамждаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөсний дагуу өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 6-ны хооронд Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцүүлгийг татвар төлөгчид, бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулсан. Эдгээр хуулийн төслийг холбогдох Байнгын хороод ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэн саналын томьёоллоо бэлтгэж, ээлжит бус чуулганд оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болгох юм. Мөн энэ сарын 13-ны өдрөөс бусад Байнгын хороо хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна” гэсэн юм. Ямартай ч түүний хэлснээс үзэхэд ээлжит бус чуулганы бэлтгэлийг эртнээс хангасан бөгөөд товлосон хугацаа болоход хэлэлцэх асуудал бүгд бэлэн болохоор байна. УИХ-ын Тамгын газрынхан чуулганы завсарлагааны хугацаанд үндсэндээ амралтгүй ажилласан. Учир нь, дээр дурдсанчлан ээлжит бус чуулганы бэлтгэлийг хангахаас гадна ирэх хаврын чуулганы бэлтгэлийг давхар базаасан байна. Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өнгөрсөн оны наймдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулснаар  УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртэгдхээр болсон. Уг хуулийн хэрэгжих хугацааг хаврын чуулганаас эхлүүлнэ гэж заасан учраас бэлтгэл ажлыг бүрэн хангах шаардлага үүссэн юм. Энэ талаар Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодруулахад “Энэ хаврын чуулганаас эхлээд УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой техникийн шийдлүүдийг манай ажилтнууд надад танилцуулсан. Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийнхэн өдөр шөнөгүй ажиллаж, бэлтгэл ажлыг хангаж  явцын талаар байнга мэдээлж байгаа. Одоогоор бэлтгэл ажлыг ямар нэгэн саадгүй, төлөвлөгөөний дагуу хийж байна” гэлээ.

 

ХУУЛЬ ХҮЧНИЙ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫГ ӨӨРЧИЛНӨ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичгийг өнгөрсөн сарын 20-нд гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тэрбээр ээлжит бус чуулганы товыг тогтоохтой зэрэгцээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаарх саналаа УИХ-ын даргад дахин хүргүүлээд байна. Тэрбээр албан бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна” хэмээн онцолсон. Харин Ерөнхийлөгчийн дээрх саналыг ээлжит бус чуулганы дараалалд хэрхэн тусгасан талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх. Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг УИХ-ын даргад ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байгаа” гэсэн юм. Ямартай ч Төрийн тэргүүний зүгээс зарим томилгоог оруулж ирснээр ээлжит бус чуулган хүлээлт өндөртэй болох нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, зохицуулалт шаардсан зарим хуулийн төслийг хэлэлцэх товтой байсан ээлжит бус чуулганаар ийнхүү хууль, хүчний зарим байгууллагын удирдлагыг өөрчлөхөөр болсон нь хүлээлтээс давсан хүлээлт болж мэдэхээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлээд буй. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин одоо ЗХЖШ-ын даргын үүргийг нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат гүйцэтгэж байгаа билээ. Тиймээс намрын чуулган завсарлахын өмнө Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг хүргүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор одоогийн байдлаар хоёр орлогчтой бөгөөд орлогч прокуророор Г.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар, харин АТГ-ын даргаар Х.Энхжаргал, дэд даргаар Ц.Нямдорж нар ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс улсын Ерөнхий прокурорын  орлогч нарыг зөвшилцөх санал хүргүүлсэн бол АТГ-ын удирдлагуудыг өөрчлөх хүсэлт гаргасан. Ингэхдээ “УИХ нөхөн томилгоо хийж, 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаснаар Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар, 2016 оны долоодугаар сарын 8-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Х.Энхжаргалыг даргаар тус тус томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон” хэмээн онцлоод өөрчлөх санал гаргажээ. Ерөнхийлөгчийн хувьд томилогдсон цагаасаа эхлэн АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ ил, далд илэрхийлсээр ирсэн. Ингээд тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд тус байгууллагын дарга, дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-ын даргад гаргаж байсан юм.

Гэвч тухайн үед Ерөнхийлөгчийн гаргасан уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад “Хуульд нийцэхгүй байна” гэх дүгнэлт гаргаснаар буцааж байсан юм. 

 

Өөрөөр хэлбэл, АТГ-ын одоогийн удирдлагуудын хуулийн хугацаа ийнхүү маргаан дагуулсаар ирлээ. Чөлөөлөх хүсэлтэй Ерөнхийлөгчийн талынхан “Хугацаа нь дууссан” гэх тайлбарыг өгч байгаа бол хуулийнхан өөр зүйл ярьдаг. Өөрөөр хэлбэл, талууд хуулийг хүссэнээрээ тайлбарлах буюу өөрт ашигтайгаар эргүүлэх оролдлогыг энэ тохиолдолд удаа дараа хэрэглэж буй нь хэний ч нүдэнд ил өрнөж буй процесс. Ямартай ч ээлжит бус чуулганы хамгийн том дуулиан нь АТГ-ын удирдлагуудын асуудал байх бололтой. “Эрдэнэт”-ийн худалдан авалттай холбоотой маргаан ид өрнөсөн, холбогдох хүмүүсийг саатуулан шалгасан энэ үед АТГ-ын удирдлагад өөрчлөлт оруулах нь хэр оновчтой шийдвэр вэ. Уг асуудлыг УИХ-аар хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно