2019-02-21 02:33

Гуравдагч хөршүүд “Гудамжны найз”-тай үлдэв үү


Бид төр засаг солигдох бүрийн дараа өмнөх эрх баригчдынхаа булхай луйврыг илрүүлдэг зуршилтай болоод байгаа. Гэхдээ сүүлийн үед асуудалд холбогдсон хүмүүсийн нэрсийг харахаар нэг сонин дүр зураг гараад байх юм.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт нар Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн.

Хэрэг нь хэрхэн шийдэгдэж байгаа талаар одоо таг чиг болжээ. Саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорт хандав. Мөн Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав ч уул уурхайтай холбоотой асуудлаар хэл аманд орчихоод явж байна. Эдгээр хүнд нэг ижил зүйл бий. Тэр нь хоёр хөршийг давуулсан бодлого явуулж байсан, түүнийг дэмжсэн нь билээ.

Ерөнхийдөө гуравдагч хөршийн бодлогыг ил тод дэмждэг хүмүүс улс төрийн “тайз”-наас буугаад эхэллээ ч гэж болно. Буухаар барахгүй хэрэг төвөгт орооцолдон, хэл аман дунд явж байна. Өмөөрч байгаа юм биш. Хэрэг төвөг хийж, улсын хөрөнгө шамшигдуулсан бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ хоёр хөршийг “алгассан” улстөрчид цөөрч байгааг сануулах нь зөв болов уу. Ингэж Америк, Европод танил улстөрчид дотоодод маань ховордож эхэлсэн нь гадаад талын нөлөөгүй байх. Ямар ч байсан ийм явдал болж буйд лав хоёр хөрш маань дуртай байгаа.

Харин өнөө гуравдагч хөршүүдэд маань юу бодогдож байгаа бол. Манай улс газар зүйн байршлаараа хоёр том орны дунд байрлалтай. “Хүн арлын дунд байдаг”, “Их гүрнүүдийн бахинд атгуулсан” гээд янз бүрээр л ярьдаг. Эртнээс эдүгээг хүртэл дайтаж тулалдаж, найрамдаж явсан хөрш орнуудын жишгээр бид Орос, Хятадтай эвийг хичээхийн зэрэгцээ бага буурай болохоор бас болгоомжилсоор ирсэн нь нууц биш. Энэ нь “Хятадын танк ороод ирнэ” гэхээр нийтээрээ мэгдэн сандардаг, “орос ах” хэмээн өнөөг хүртэл авгайлан дуудсаар байгаагаар нотлогдоно. Тиймээс ч лав сүүлийн хэдэн зуун жилд монголчуудын хүсэл хоёр хөршөө давах байсан юм. Зуун жилийн өмнө Ардын хувьсгал ялсны дараах Солийн Данзангийн хүсэл болоод өнөөдрийн манай нийгмийн гадаад бодлогын үнэт чанар ижил буй нь ч нэгийг хэлж байгаа хэрэг.

Харамсаптай нь, бид нийгмийн хувьд дэвшилд хүрсэн гээд хүслээрээ байх боломж багатай. Гуравдагч хөршийн бодлогыг геополитик, эдийн засаг хоёроор хөгжүүлдэг гэдэг. Үүн дээр улстөрч, дипломатуудын харилцаа байна. Бидэнд байгаа гарц бол эдийн засагтаа аль болох гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж оруулах юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад шашин, соёл бүр батлан хамгаалах аюулгүй байдлын асуудал баталгааждаг.

Манай улс ч эдийн засгийн тэнцвэрийг хадгалах тухай аюултай байдлын бодлогоо тусгасан. Гэвч аюулгүй байдлын үндсийн үндэс нь эдийн засаг боловч тэнцвэрийг хангах асуудал байдал дээрээ эсрэгээрээ байгаа юм. Импортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг Хятад Улс хангаж байгаа бол нөгөө талаар Оростой эдийн засгийн хувьд 90:10 үзүүлэлттэй. Ерөнхийдөө бараг шатахуун авах төдийгөөр худалдаа хязгаарлагдсан.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад шашин, соёл бүр батлан хамгаалах аюулгүй байдлын асуудал баталгааждаг.

Оросуудын хувьд бид газарзүйн стратегийн байрлал төдийхөн л байна. Бид юу ч үйлдвэрлэсэн түүхий эдээс төгс технологи хүртэл бүгдийг чадаж байгаа Хятадын цаад талд гаргаж чадахгүй. Бас цаад талаас наашаа энэ л шалтгаанаар импорт нэмэгдэхэд хэцүү юм. Тэгэхээр уул уурхайн ордуудад гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалтыг татахаар чармайж байгааг “эдийн засгийн алуурчид”-ыг дэмжих нь гэхээс илүүтэй аюулгүй байдлын бодлоготой холбож харвал илүү зохих байх.

Манай орон Орос, Хятадтай иж бүрэн түншлэлийн харилцаатай бол Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг оронтой стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ зэргийн гэрээ хэлцэлтэй байхад аюулгүй байдал талаасаа айх юмгүй мэт боловч муугаар бодоход хөршүүдийнхээ дунд хавчуулагдан хорвоогийн мухарт үлдчих эрсдэл бий.

Гадаад харилцааны яам бодлогоо тууштай барьж байгаа нь дамжиггүй. Тиймээс хэдэн улстөрч тэтгэвэртээ гарлаа гээд гуравдагч хөршийн бодлого ганхаад, айхавтар сүйдтэй юм болохгүй ч бас хаяж болохгүй асуудал билээ. Ялангуяа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай дээр дооргүй ярих болсон энэ үед гуравдагч орнуудын хандлагыг харж, түүнийг мэдэрч дуугарч байгаа улстөрч ингэхэд байна уу. Бид гуравдагч хөршийн бодлогоо хаяхгүй, тууштай авч явах нь зайлшгүй шиг үүнийг хадгалахад бас хүмүүсийн харилцаанд суурилж, тодорхой улстөрчид, дипломатчид хөгжүүлдэг гэдгийг мартаж болохгүй юм.

Тийм болохоор л Ц.Элбэгдорж шиг Европ, Америкт чиглэсэн бодлогоо нээлттэй яриад АСЕМ мэт уулзалтыг зохион байгуулаад явж байх хүн хэрэгтэй. С.Баяр шиг Оросод нөлөөтэй хэмээн нэрлэгдэж байсан хэр нь нам нь ялчихаад байхад эвсэл байгуулаад хоёр хөршөө давж гишгээд Австрали, Канадын “Рио Тинто” корпорацитай Оюутолгойн гэрээ хийчих эр чухал гээд байгаа юм. Түүнд нь дэмжлэг үзүүлж чадах итгэл үнэмшилтэй Ч.Сайханбилэг, С.Баярцогт шиг хүмүүс байх ёстой гэсэн санаа. Тэдний тэр орооцолдсон хэрэг төвөг бол тусдаа асуудал.

Өнөөдөр Европ, Америк, Япон, Солонгост боловсрол эзэмшсэнхүмүүстөрдзөндөө бий. Гэхдээ тэд энэ нэр нь гараад байгаа хүмүүс шиг ил гарч ирээд хөршүүдийн сонирхол шингэсэн аливаа асуудлыг улаан гараараа шүүрч аваад өөрийнхөө нүүрээр авторлоод гуравдагч хөршүүдэд санал болгож чадах уу. Өнгөрсөн хэдэн жил тийм зүйл хийж чадсан хүн алга.

Манай орон Орос, Хятадтай иж бүрэн түншлэлийн харилцаатай бол Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг оронтой стратегийн түншлэлийн харилцаатай.

Дээр нь гадаад харилцаан дээр бас нэг асуудал бий. Анзаараад байхад барууны аль л хөгжсөн орон руу Элчин сайд илгээхдээ улс төрөөс “зодог тайлсан” түшээдийг амраах маягаар сонгож байна. Бүр хэрэг төвөгт орчихсон хүмүүсээ ч зугтаалгах томилолт хийгээд байгаа мэт. Бүгдийг нь хэлж байгаа юм биш. Гэхдээ тийм явдал элбэг байгаа шүү. Зарим өндөр хөгжсөн орны хотуудад консул илгээхдээ “хэл сураад ирэхгүй юү” гэсэн тухай яриа ч бий. Тийм хүмүүстэй тухайн орон нь тоож ажил ярихгүй. Хэл ус ч үгүй нөхөр яваад очихоор ажил яаж урагшлах юм.

Гадаад харилцааныхаа хувьд итгэл алдахын дээр ажил хэргийн тухайд хугацаа алдаж байгаа явдал мөн. Тэдний ард аюулгүй байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх ашиг бий. Хаа очиж Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар гэх мэт дэмийрээд явчихгүй хүмүүсийг ажиллуулж байгаа нь сайн гэдгийг зарим дипломатч хэлдэг.

Яг үнэндээ өнөөдөр төрийн томчууд гуравдагч хөрш гэхээсээ Орос, Хятадыг бараадсан улс төр хийх боллоо. Тэд ч бидэнд зээл тусламж өгөх тухай үг цухуйлгаж, гурван улс дамнасан өчнөөн төслийн талаар ярьж байна. Ийм үед л бидэнд С.Баяр шиг Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаасаа хойш өнөөг хүртэл “Ерөнхий сайд байсныхаа хувьд Оюутолгойн гэрээг баталж чадсан шүү гэдэгтээ одоо хүртэл бахархаж явдаг. Олон хүн энэ үйл ажиллагаанд оролцсон. Бараг зуу гаруй хүн. Гэхдээ улс төрийн шийдвэрийг нь би гаргасан.

Монголд энэ гэрээ ашигтай болсон. Тухайн үед Орос, Хятадын нийт хөрөнгө оруулалтаас илүү мөнгөний хөрөнгө оруулалтын гэрээг татаж чадсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэж хаана ч асуусан хэлээд явж байгаа хүн хэрэгтэй гээд байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шиг “ШХАБ-ын хувьд Монгол өөрийн онцлогтой. Гадаад харилцаагаараа энэ онцлогийн мөн чанарыг харуулдаг. ШХАБ-ын гол санаачлагч улс нь манай хоёр хөрш. Энэ хоёрын дунд байгаа цорын ганц орон нь Монгол Улс. Энэ хоёр улсын дунд байгаа цорын ганц эрх чөлөө нь Монгол Улс шүү. Үүгээрээ онцлогтой. Тиймээс бид ажиглагчаас цааш нэг ч алхам явах шаардлага байхгүй. Биднийг харж байгаа улс орнууд гар барилаа. Гар бариад бугуй барина. Бугуй бариад цаашаа чамайг тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Зарим нь Энэтхэг гэж ардчилсан орон элсчихлээ. ШХАБ одоо өөр болсон гэж яриад байгаа юм. Энэтхэг бол шилийн сайн эр нэг айлаар ороод гарч, дургүй нь хүрвэл хаалгыг нь хаагаад гараад явчих чадалтай орон. Монгол нэг орвол тэгж чадахгүй. Монгол яг хавханд орсон чоно шиг болно. Нөгөө хоёр хөрш нь уулан дээрээс хараад суугаа анчин шиг хавхаа ч ирж авдаггүй, салгадаггүй, алдаг ч үгүй байлгаж л байдаг. Ийм л болно. Энэтхэг ороход хаалгыг нь саваад гарч чадна. Монгол бол хаалгаа ч олохгүй” гэж хэлэх хүн байх ёстой юм.

Хэдийгээр тэд төрийн эрхийг атгаж байхдаа хөршөөсөө болгоомжилж, хилийг нь давсан улс төр хийж чадсан ч өнөөдөр бол албан тушаалгүй хүмүүс. Муугаар хэлбэл гудамжид гарчихсан улс. Албан тушаалгүй хүний үг ердийн судлаачийнхаас дор хүрнэ. Улс орнуудын харилцаанд уярал, хайлал нэмэхгүй гэсэн үг. Тийм болохоор л гуравдагч хөршүүд гудамжны найзуудтай үлдэв үү гээд байгаа юм. Улс төрийн дэвжээг орхиж буй улстөрчдийг анзаараад байхад шүү дээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно