2019-01-31 02:06

УИХ-ын даргын сунгаа…


МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дараагийн УИХ-ын даргыг тодруулах байв. Гэсэн ч хуралдаагүй. Учир нь  УИХ-ын даргад горилогчид нам дотор нэлээд олон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг баг болж, шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдах учиртай.  Нам доторх бүлэглэлийн эрх ашиг ч яригдаж байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана.

М.Энхболдыг чөлөөлөгдөхөөс өмнө л УИХ-ын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яригдаж байлаа. Энэ тохироо аль эрт хийгдсэн гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байв. Гэсэн тэмцэгч таван гишүүний зүгээс УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бололтой.  Тэд “МАНАН-гийн төлөөлөгчийг УИХ-ын даргаар томилбол бидний тэмцэл ямар ч үр дүнгүй болно” гэж байсан.  Энэ саналаа ч Удирдах зөвлөлдөө уламжилж, Ц.Нямдоржийн УИХ-ын дарга болох асуудал хана мөргөсөн байдалтай байна.

Түүний араас парламентад тулхтай, түшигтэй гэгддэг гишүүдийн нэр яригдаж байна.  Шадар сайд  Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд бүгд л нэг хувилбарт байгаа.  Гэхдээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд саяхан цэрэг амь насаа алдаж, салбар нь нэлээд асуудалтай байна. Тиймээс түүнийг УИХ-ын даргын суудлаар шагнах нь юу л бол.  Шадар сайд Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэсэн яриа гарсан. Харин Удирдах зөвлөл дээр  М.Энхболдын тал түүнд итгэл хүлээлгэж магадгүй юм билээ.

Парламентын спикерийн өрсөлдөөнд дунд үеийн болон залуу улстөрчдийн нэр ч байна.  Тухайлбал,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар яригдаж байна. УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы ч нэр яваа гэх.  Харин М.Энхболдын талаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа гэх яриа гарсан.

Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно