2019-01-30 03:05

Б. Гүнбилэг: Ц. Нямдорж сайд УИХ-ын дарга болох эрх зүйн үндэс байхгүй


Хуульч, доктор Б. Гүнбилэгтэй ярилцлаа.

 

-УИХ-ын даргыг огцруулчихлаа. Олон нийт дараагийн даргаар хэн болох бол гэсэн асуултыг ихэд сонирхож байх шиг байна. Ц. Нямдорж, Н. Энхтүвшин, Л. Оюун-Эрдэнэ гээд нэрс явж байна. Танд мэдээлэл байна уу?

-Миний мэдэж байгаагаар энэ цаг үед яг хэн гэдгээ тохироогүй байх. Гэхдээ эдгээр нэрс дундаас Ц. Нямдорж сайд бол УИХ-ын дарга болох боломжгүй.

 

-Яагаад? Харин ч хүчтэй яригдаж байгаа юм биш үү?

-Иргэн Д. Ламжав, Р. Бурмаа зэрэг хүмүүс Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын дарга Ц. Нямдоржийг хууль засаж, Үндсэн хууль зөрчсөн байна гэж хандсаныг 2007 онд Цэц хянан шийдвэрлэсэн байдаг. Цэцээс “Улсын Их Хурлын дарга Ц. Нямдорж Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно” гэж шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол ердийн хууль, УИХ-ын тогтоолоос илүү хүчин чадалтай. Цэцийн шийдвэр гарснаар энэ хүн Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоож, хуулийг удаа дараа буруу хэрэглэсэн дүгнэлт гаргасан. Эрх зүйт төр гэж байдаг бол юун УИХ-ын дарга, бүр наана нь Хууль зүйн сайд ч хийхэд хүндрэл гарна. 

 

-Ц. Нямдорж гуай чинь өөрийг нь хэлмэгдүүлсэн, би өөрөө ажлаа өгсөн гэдэг биз дээ.

-Та бид хоёрын ярилцлагыг уншиж байгаа хүмүүс Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 3 сарын 2, мөн оны 5 сарын 23-ны өдрийн шийдвэрүүдийг http://www.legalinfo.mn дээрээс олж, уншиж болно. Үндсэн хууль болон бусад хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэрхүү шийдвэрийг тодорхой хугацаанд хэрэгжүүлээд хүчингүй болно, эсхүл тодорхой хугацаа заагаад тэр нь дууссанаар түүнийг огцруулсан хүн нь эргээд ажилд сонгогдож болно гэсэн салаа утга ерөөсөө байхгүй. Энэ бол эрүүгийн эрх зүй биш, Үндсэн хуулийн эрх зүй. Тиймээс Ц.Нямдорж сайд маань цаашид УИХ-ын даргаар сонгогдох боломж, эрх зүйн үндэс байхгүй гэсэн үг.

 

-Таны бодлоор хэн нь тэгээд УИХ-ын дарга болоосой гэж бодож байна.

-Одоо энэ хэдэн сайхан буурлаа Монгол төр зөндөөн л ашиглалаа, тэдэнд ч зөндөөн ашиглууллаа. Хөгжил, доройтол л ирлээ. Буурлын намбагүй, зарчимгүй, дарга болохын дон шүглэсэн улсууд биш байлгүй гэж романтикаар бодохоор дон шүглэсэн улс шиг л харагдаад байна. Эдгээр буурлууд маань 20 жилийн өмнө ч дарга нар байсан. Хуулийг тухайн цаг хугацаанд тохируулж байна гэж заваан, зарчимгүй хууль гаргаснаар өнөөгийн нөхцөл байдалд биднийг авчираад байна. Одоо болих хэрэгтэй. Ихэд шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг ч үг бас бий. Тийм л бодолтой байна. Шинэ залуу гишүүд тэр дундаа 40 гарч яваа, элдэв заваан юманд хутгалдаагүй шинэ үеэсээ даргыг сонгох хэрэгтэй.  


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно