2019-01-25 06:41

Э.Бат-Үүл: Дарангуйлал импортоор л орж ирдэг


МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл өнөөдөр Ардчилал биднээс өшөө авч байна хэмээн мэдэгдэж байна. Өнөөдөр түүнийг хүүхдийн хамт шүүхэд дуудаж, гэр хороололтой холбогдсон ямар нэгэн асуудал үүсгэж байгаа аж.

Гэхдээ ардчиллыг анхлан уриалагчдын хувьд тэрбээр 30 шахам жил гүтгүүллээ. Шударга шүүхээр орж, нийгэмд буруугүй гэдгээ нотлоход бололцоо олгосонд баяртай байна хэмээн мэдэгдэв. Мөн түүнийг 2000 онд баривчлаад, түүний хүү Б.Чулуудайг Төв аймгийн мөрдөн рүү ачиж байсан гэсэн шинэ мэдээ дуулгав. Түүний хүү Б.Чулуудай 20 настай байхдаа 100 айл, Гандангийн газрыг хувьчлах, МАХН-ын хэсэг хүмүүст хэдэн мянган га газар олгохын эсрэг тэмцэлд оролцож яваад Өдрийн сонины сурвалжлагч нартай хамт баривчлагдан, хоригдож байсан юм. Ингээд Э.Бат-Үүлийн ярианы төгсгөлийг хүргэе.


-Та намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд байгаа юу?

- ҮБХ-ны гишүүн биш. Гэхдээ би АН-ын гишүүн. Нийслэлийн намын зөвлөлийн гишүүн шүү. Би сая намын үзэл баримтлалын талаар лекц уншсан. Нийтлэл ч бичсэн.

-АН-ын ирээдүйг юу гэж харж байна?

-Өнөөдөр АН ямар байна гэж харахаас илүүгээр АН байхгүй бол юу болох вэ гэж харах хэрэгтэй болчихоод байна.

-Юу гэсэн үг вэ?

-Үнэн хэрэгтээ нийгэм ардчиллыг дэмжихээ больсон. Гэхдээ бүгд биш л дээ. Угаасаа ардчиллыг дэмждэг 40 хувь байгаа. Тэр бол хэвээрээ. Харин завсрын бүс МАН-ын дэмжигч нийлээд ардчиллын эсрэг болсон. Ардчиллыг дэмжигчид цөөнх болчихлоо.

-Юунаас болов?

-Ардчилал биднээс өшөө авч байна. Бид ардчиллыг өсөж, торниулсангүй. Ардчилал өсөж, торниулахгүй бол өшөөгөө авах нь буруу биш биз дээ.

-Яагаад ардчилал биднээс хариу авч эхлэв?

-Бид хөгийн, тэнэг, хариуцлагагүй байснаас болоод тэр.

-Ардчилал биднээс хариугаа авч байгаагийн илрэл юу вэ?

-Нийгэм ардчилалд итгэл алдрах үзэгдэл. Ардчиллыг эсэргүүцэх үзэл хүч авч байна.

-Гэхдээ л Монгол Улс ардчилсан орон мөн биз дээ?

-Мөн л дөө. Ардчиллын амийг зогоож байгаа хүчин зүйлс бий.

-Тэр нь юу вэ?

-Үндсэн хуулийг гайгүй хийчихсэн. Түүндээ дарангуйлагч төрөхгүй байх, парламент хүчирхэг байх нөхцөлийг бүрдүүлсэн. Үндсэн хуулиа бариад явбал дарангуйлагч төрөхгүй. Төрсөн ч удаан төрнө. Хоёрт, АН гэж хүчирхэг нам байна. Энэ нам хүний эрхийг хязгаарлахыг зөвшөөрөхгүй. Гуравт, МАН гэж хүчирхэг улс төрийн хүчний эсрэг АН нийгэмд хориг тавих эрхтэй болсон. Энэ хоёр намд хүчний тэнцвэр бий болсон. Эрх баригч хоёр нам аль нэгнийгээ дарангуйлах боломжгүй болсон. Ардчилсан нам бол Монголын хөрсийг долоон байж боссон нам. Ийм нам өнөөгийн хэмжээнд хүрэхэд 20 гаруй жил хэрэгтэй. МАН-ыг хорьж байгаа энэ том нам үйл ажиллагаа нь сульдвал МАН-ын дарга тэр чигээрээ дарангуйлагч болно.

-Жижиг намууд бойжихгүй юу?

-Хэцүү дээ, тэд. АН-ын хэмжээнд хүрэхэд 20-иод жил болно. Энэ намууд эрх баригчдын эсрэг байж болно. Гэхдээ эсэргүүцэх хүч байх ёстой. Тийм хүчтэй болоход хугацаа хэрэгтэй. Тэр нь багаар бодоход 20 жил шүү дээ.

-Бат-Үүл анх дарангуйллын тухай ярьсан. Өнөөдөр л нийгэм хүлээн авч байна гэдэг. Үнэхээр дарангуйлал үүсэх гээд байна уу?

-Дарангуйлал ардчилалд гомдсоноос үүсэлтэй. Ардчиллыг тордохгүй, бойжуулахгүй бол эргээд өс болдог. Ардчиллыг эд баялаг, албан тушаалын төлөө ашиглавал тэр нь өөрөө өс болно.

-Бид яаж тордох ёстой байсан бэ?

-Ардчилал гэдэг бол шударга төр тогтоох тухай ойлголт. Нийгэм шударга тоглоомын дүрэмтэй байх тухай ойлголт. Шударгаар тоглож байгаа хүн бүр хаалганд бөмбөг оруулах бололцоотой байх ёстой. Гэтэл өнөөгийн тогтолцоо олсон боломжийг яаж цавчих вэ гэдэг асуудал болж хувирсан.

-Ардчилал буруу гэсэн үг үү?

-Үнэн хэрэгтээ ардчиллыг глобал утгаар нь авч үзвэл өрнөдийнхнөөс ч хариу авч эхэлж байна.

-Яаж?

-Өрнөдийхөн ч ардчиллыг төлөвшүүлэх, бойжуулахад ноцтой алдаа гаргасан. Ухаантай хүмүүс анхааруулсаар ирсэн. Тэнд манайхны хэмжээний авлигад автаагүй. Гэхдээ баян умард, ядуу өмнөд хоёрын ялгааг өөгшүүлсэн тогтолцоо үүссэн. Өнөөдөр ядуу өмнөд нь баян умард руугаа дайрч байна. Үүнээс болоод баян умард нь шоконд орж байна. Жеффри Загс үүнийг 20-30 жилийн өмнө анхааруулсан. Тэр хэлэхдээ өмнөдүүд ядуурах тусам умардын баян орныг чирнэ шүү гэж байсан.

-Өнгөрсөн алдаагаа мартаад, урагшаа харъя...

-Эхний ээлжинд алдаагаа засах хэрэгтэй. Ардчилалд гомдсон гомдол дарангуйлал болж хувирах гээд байна. Ямар ч тохиолдолд дарангуйлал руу явж болохгүй. Дарангуйлал руу явах нөхцөлийг хаах хэрэгтэй.

-Яаж?

-АН-ыг л хүчтэй байлгах нь эхний алхам. АН нурах л юм бол 1990 оноос өмнөх тогтолцоо руу орно. Ингэснээр эрх баригч намын даргын дарангуйлал тогтоно.

-Нийгэмд АН-ын дархлаа байна. Эрх барих түвшинд байна уу?

-Одоохондоо АН нийгмийн бүх түвшинд байна. Үүнийг хэн ч зайлуулж чадахгүй. АН руу дайрна гэдэг бол дарангуйлал тогтоох тод илрэл болно. Ардчилал нийгмээс нүүрээ буруулсан ч иргэд эрх чөлөөгөө өгчих хэмжээнд хүрээгүй байна. Иргэд алдах юмтай болсон. Хэдий гутарсан ч эрх чөлөөгөө алдах хэмжээнд хүрээгүй байгаа. Иргэд өмчөө дарангуйлагчид дээрэмдүүлэхийг хүсэхгүй. Малчид малаа хураалгахыг, Номингийн сүлжээ дэлгүүрээ нийгэмчлэхийг зөвшөөрөхгүй. Энэ нийгмээс иргэд маш их юмтай болсон. Түүнийгээ хэн нэгэн дарангуйлагчид алдахыг хүсэхгүй. Тийм учраас АН манлайллаа дарангуйлагчийн эсрэг босговол ямар нэгэн дарангуйлагч төрөхгүй. Дарангуйллыг эсэргүүцэх хамгийн том хүчин бол жинхэнэ эх орончид. Тэд ардчилал нурж дарангуйлал тогтох юм бол тусгаар тогтнолын 100 жилийн тэмцэл талаар болно гэдгийг мэдэж байгаа.

-Тийм ямар бүлэг байна?

-Сэхээтнүүд.

-Дарангуйлагч хэн байх бол?

-Хоёр хөршийн аль нэгний вассаль байх болно.

-Яагаад?

-Хоёр хөршийн аль нэгнээс дэмжлэг авахгүйгээр Монголд дарангуйлал тогтоох боломж байхгүй. Монголчуудын нүүдэлчин амьдрал эрх чөлөөтэй байх заншил тогтоосон.

-Дотооддоо монголчууд дарангуйлалд өртөхгүй гэсэн үг үү?

-Тийм. Дарангуйлал импортоор л орж ирнэ.

-Жишээ хэлж болох уу?

-Ерөнхийлөгч Х.Батттулга ОХУ-ын вассаль болчихвол яахав. Ер нь монголд үндэсний эрх чөлөөнөөс хойш дарангуйлагч хэзээ ч дотроосоо байгаагүй. Дандаа гаднаас импортолсон байдаг юм.

-Жишээ нь?

-Орос, Манжийг л дагасан байдаг. Гэхдээ Манжийн дарлал социализмтай харьцуулахад зөөлөн дарангуйлал байсан. Тал нь сүмд суусан, тал нь мал хариулж байхад түмнийг дарангуйлаад байх шаардлага байхгүй байсан. Харин Манжийн төр нураад хятадуудын их нүүдэл орж ирэхэд жинхэнэ дарангуйлал орж ирэх гээд байсан юм. Тэгэнгүүт монголчууд боссон. Ганц дэмжиж байсан нь Оросын төр. Тэгэхээр Оросын вассаль болохоос өөр зам байгаагүй.

-Өнөөдрийн байдалдаа оръё. Дорлигжавыг баривчилсан явдлыг юу гэж үзэж байна?

-Өмнөх ярьсан зүйл л дээ. Нэг хэсгийг барьж хориод нөгөө хэсгийг өршөөдөг тогтолцоо үүслээ. Өнөөдөр шударга ёс тогтоох нэрээр хонгилдож байна. Энэ бол шударга ёс биш. Бүгд шалгагдах ёстой. Гэхдээ хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гадуур байж болохгүй. Би нэг удаа бичиж байсан.

-Юу гэж?

-Авлигатай холбогдсон гэмт хэрэг хуулийнхны зах зээл болсон гэж. Үүн дээр арилжаа явагдаад байгаа юм биш биз. Дуртайгаа хориод, дургүйгээ нүдээ аниад байгаа юм биш биз дээ. Дургүйгээ хонгилдох аюул нүүрлээд байна.

-Шударга ёс байхгүй болсон уу?

-Шударга ёс гэж байгаа бол эхний зарчим нь “Битгий ялгаварла” гэдэг. Яагаад төмөр зам, ЖДҮ хэрэгсэхгүй болоод байгаа юм. Үүний нарийн учрыг би мэдэхгүй байна. Прокурор нь яриад байгаа биз дээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж ЖДҮ-тэй харьцуулахын аргагүй том хэрэг юм гэж байсан. Энэ чинь одоо юу болж байна аа. Тэгэхээр шударга ёс тогтоох нэрээр өс аваад байна. Хоёрдугаарт нь шударга ёс тогтоох нэрээр импортын дарангуйлал яваад байна.

-Яаж?

-Улс төрийн бодлогыг гэмт хэрэг болгоод байна. Улс төр, гэмт хэрэг гэдэг чинь тусдаа зүйл. Гадны хөрөнгө оруулалт гэдэг чинь гэмт хэрэг биш. Өнөөдөр мөнгөний хомсдолтой байна. Уул уурхайг ашиглахад хэдэн тэрбум доллар шаардлагатай байгаа. Тэгэхээр гаднаас мөнгө гуйхаас өөр замгүй биз дээ.

-Оюу толгойг ярьж байна уу?

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга олон жилийн өмнө нийтлэл бичиж байсан. Түүндээ Барон Унгерн, Фрийдланд хоёр Монголын тусгаар тогтнолд маш их хэрэг боллоо гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, оросууд Барон Унгернийг зайлуулах гэж орж ирсэн шүү дээ. Тэгээд бид Зөвлөлтийн ивээлд орж тусгаар тогтнолоо олж авсан.

-Фрийдланд тусгаар тогтнолд ямар хамаатай юм бэ?

-Фрийдланд гурав дахь хөршийг оруулж ирсэн юм. Тэгээд л манай эдийн засаг гурав дахин өссөн. Энэ өгөөжийг 1990 онтой харьцуулаад үз. Бидний хэрэглээ 1990 онтой харьцуулшгүй болсон биз дээ. Тэр үеийн монголчууд өнөөдрийн монголчуудыг харвал “Ямар баян юм бэ” гэж бодно. Баттулга тэгж л бичиж байсан. Тухайн үеийн Н.Энхбаярын түүхэн гавьяа тэр л дээ. Их өр хүчингүй болсон. Тэр их өр хүчингүй болсны хүчинд гадны хөрөнгө оруулалт орж ирсэн. Хэрэв тэр их өр байсан бол хэн ч хөрөнгө оруулахгүй. Мэдээж хэн ч өртэй оронд хөрөнгө оруулахгүй шүү дээ. Оюу толгойг Фрийдланд өөрөө хайж олсон. Түүнээс өмнө бид мэдэхгүй байсан орд шүү дээ. Гэрээ бол Н.Энхбаярын үед хийгдсэн.

-Оюу толгойг улстөржүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Би маш сайн санаж байна. Тухайн үед Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан юм. Тэр үед Н.Энхбаяр Оюу толгойг битгий улстөржүүлээч ээ гэж хэлж байсан юм. Уул уурхайг битгий улс төр болго гэж. Анх уул уурхайг М.Энхсайхан л улс төр болгосон юм. Өөрөөр хэлбэл, үнэн хэрэгтээ бид АН Энхсайханыг гоё харагдуулж, Энхбаярыг муухай харагдуулах гээд уул уурхайг улстөржүүлсэн юм. Үүнээс эхлээд гаднаас хөрөнгө татаж улсаа хөгжүүлэх бодлого улстөржөөд эхэлсэн юм.

-Түүнээс улбаалаад өнөөдөр гэрээ байгуулсан улсуудыг буруутгаад байна уу?

-Гэрээ хийсэн улсуудыг буруутгаж байгаа нь зүгээр л улс төр. Өнөөдөр Монгол Улс олон улсын өмнө хулхи орон шиг байдалтай болсон.

-Яагаад?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гадагшаа явах бүртээ хөрөнгө гуйна. “ Та нар манайд хөрөнгө оруулбал таатай нөхцөл бүрдүүлнэ. Манайд маш их баялаг байна. Бидэнд мөнгө алга. Хамтарч ашиг олцгооё” гээд баахан сайхан амлалт өгнө. 1990-2004 онд Төрийн гурван өндөрлөг, сайд нар нийлээд 300 шахам удаа гадаадад айлчилсан байдаг юм. Тэд гадаадад очоод ганц юм л ярьсан байдаг. “Хөрөнгө оруулаач” гэж л гуйдаг байсан байхгүй юу. Тэгээд оруулаад ирэнгүүт нь үйлийг нь үзлээ шүү дээ. Одоо бидэнд итгэдэг тэнэг хөрөнгө оруулагч байх уу.

-Оюу толгой яах бол?

-Хөөрхий минь өөрийнх нь олсон орд л доо. Үнэн хэрэгтээ хаяад явж чадахгүй л байна л даа. Дэлхийд байхгүй технологи байрлуулчихсан. Энэ бол гайхамшигтай технологи. Эрдэнэт үйлдвэрийг газрын гүнд байгуулсан гэсэн үг л дээ.

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй зүйл бол гэр хорооллын дахин төлөвлөлт...

-Хэрвээ С.Батболд гарч ирээд гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоогоогүй байсан бол өнөөдөр 3500 өрх шинэ байранд орох байсан. Хэрэв тэр хурдаар явсан бол өдийд 20-иод мянган айл орон сууцанд орчих байсан.

-Яаж?

-Миний үед хашааны газраа орон сууцаар сольж байсан. Тэр үед дахин төлөвлөлтийг хороолол хорооллоор барьж байсан юм. Жилийн дотор 3500 өрх орон сууцанд орох байсан шүү дээ.

-Хэзээ орох байсан бэ?

-2016 оны намар.

-Одоо хаана байна, тэр барилгууд?

-Бүгдийг зогсоосон. Миний үед анх удаа хашааны газар үнэд орсон. Хэдэн жилийн өмнө намайг “Хашааны газар үнэд орно” гэж байхад хэн ч итгээгүй. Дахин төлөвлөлтийн үед хашааг гурван өрөө байраар ч сольж байсан.

-Танай хүү Чулуудай яагаад гэр хорооллын асуудалтай холбогдов...

-Би шударга шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгоход бэлэн байна. Хуулийн дагуу л шүүгээрэй гэж хүсч байна. Дахин төлөвлөлтийг гэмт хэрэг болгож харуулах гээд байгаа юм. Үүний ард их мөнгө байгаа.

-Өмнө нь хоригдохдоо шударга бусын хонгилоор орсон уу?

-Тэр үед би цагдаагийн дарга Амарболдыг огцруулах санал гаргадаг байсан учраас хувийн өсөөр шалгасан. Би Зоригийн хэрэгт хамааралгүй гэдэг нь нотлогдсон. Тэр үед хүүг маань хүртэл хорих гэж Төв аймаг руу ачиж байсан. Өнөөдөр дахиад л хүүтэй минь хамаатуулж байна.

-Өөр хэлэх үг байна уу?

-Саяхан З.Энхболдын Medee.mn сайт дээр “Бат-Үүл нийслэлийн шүүхтэй тохиролцохын тулд С.Мөнхчулууныг дэмжсэн” гэсэн мэдээ гарсан. Би бүлгийн шийдвэрийг л дагасан. З.Энхболд энэ гүтгэлгээ зогсоовол таарна.

 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно