2019-01-15 04:00

6 дахь удаа сайд болгосных нь хариуд Ч.Улаан тойргоо Ерөнхий сайдад өгнө гэж амлажээ


2019 оны 1 сарын 11-нд хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилсон билээ.

Энэ нь Чүлтэмийн Улааны хувьд 6 дахь удаагаа Монгол Улсын Сайдаар томилогдож буй хэрэг юм.

Ч.Улаан нь .Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор, профессор.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж, улмаар 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдаар томилогдож улс төрд орсноосоо хойш нийт хоёр нам сольсон билээ.

Мөн 1996 оноос хойш тасралтгүй 6 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Энэ хугацаанд тэрээр П.Жасрай, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд, Н.Алтанхуяг нартай хамтран ажиллаж, танхимд нь сайдаар ажиллаж байв.

Мөн 2012 онд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс түүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, сонгосон ч тэрээр сайдын суудлын сургаар хэдхэн хоногийн настай албан тушаалаасаа татгалзаж байсан юм.

 

2012-2014 оны хооронд төрийн эрх барьж байсан АН-ын эдийн бодлогын гол цөмийг АН-ынхан бус аанай л Ч.Улаан барьж, Сангийн Сайдаар нь ажиллаж байсныг өдгөө хүмүүс мартсан биз ээ.

 

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө рейтинг нь унасан МАН-аас гарч, МАХН-д элсэн, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байсан Ч.Улаан УИХ-ын 2016 оны сонгуулий өмнө мөн л МАХН-аас гарч, МАН-д элсэн, УИХ-ын гишүүн болж байв.

Ийм л будлиантай намтартай, "урваач шарваач" нэгнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилсны шалтгаан их энгийн гэнэ.

Тодруулбал Ч.Улаан өөрийг нь сайд болгохыг хичээнгүйлэн гуйж, хөөцөлдсөн бөгөөд хариуд нь УИХ-ын 2020 оны сонгуульд дахин нэр дэвшихгүй, тэр бүү хэл өөрийнхөө Сүхбаатар аймгийн тойрогт хэрэв Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшвэл сурталчилгааных нь ажилд идэвхийлэн зүтгэнэ гэдгээ амлажээ.

Иймээс ч УИХ-д 6 сонгогдсон Ч.Улаан 6 дахь удаагаа Монгол Улсын Сайд болсон аж.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно