2018-11-05 02:46

Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурь зөрөлдөж эхэлжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга нэр дэвшин ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Энэ үеэс л Ерөнхийлөгч Х.Баттулга ба Ардчилсан Нам, Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ нарын харилцаа тун дотно, хэвийн байдалтай байж, хамгийн гол нь улс төрийн байр суурь ч адилхан байсаар ирсэн юм.

Ер нь ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг  Эх орон-МАШСН-аас гарч, АН-д элсэх үед анхлан бүртгэж авч, намын гишүүний үнэмлэхээ өгч байсан хүн нь тухайн үед Нийслэлийн АН-ын дарга байсан С.Эрдэнэ байв. 

Гэхдээ сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурь зарчмын томоохон зөрүүтэй болсон нь ил болж эхэллээ.

Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлсэн билээ. Уг саналыг АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ огт дэмжихгүй байгаа бөгөөд энэ тухай сэтгүүлчдэд тайлбар өгөх үеэрээ : "Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах, чуулганы хуралдаанаар хэзээ, хэрхэн хэлэлцүүлэх нь УИХ-ын даргын мэдэх асуудал.

УИХ-ыг хариуцлагаа хүлээгээд тар гэж байгаа бол би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь УИХ-д 76 өөр өөр тойргоос сонгогдсон далан зургаан бие даасан субьект байж байгаа. Нөгөөтэйгүүр яахаараа гэм хийсэн этгээдүүдийн өмнөөс гэм зэмгүй гишүүн ямар нэгэн ял, хариуцлага хүлээх ёстой юм. Тиймээс УИХ-ыг бүхэлд нь хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг би шударга бус гэж үзэж байна.

УИХ бүхэлдээ тарах ёстой гэдэг нөхцөл байдлыг би харахгүй байгаа. Мэдээж асуудлыг хэрхэн тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал." хэмээсэн юм. Мөн тэрээр би Ерөнхийлөгчийн засаглалыг ер нь огт дэмждэггүй гэж тодотгосон байх аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэх мэт агуулгатай зүйл хараахан яриагүй байгаа. Харин Ардчилсан Намын удирдлагын түвшинд түүнийг УИХ-ыг тараах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж байна гэх хардлага хэдийн төрсөн бололтой. Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиас хойш харьцангуй нэгдмэл  явж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч ба АН -ын байр суурь зөрөлдөж эхэллээ.

П.Мандах

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно