2018-10-31 02:36

“Блүүмберг” Ерөнхийлөгчийг 2020 оныг угтсан улс төрийн тоглолт хийж байна гэв


Монгол Улсын Ерөнхийлөгч парламентаа эдийн засгийн сорилтуудыг давж чадсангүй хэмээн шүүмжилж, парламентын өөрсдийнх нь саналаар огцруулахын тулд өлсгөлөн зарлах буюу суулт хийж ч магадгүй хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар ярьсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл хуульд хориг тавихаар хязгаарлагддаг бөгөөд Ерөнхийлөгч Баттулга парламентыг тараах хэлэлцүүлэг явуулах саналаа нэвтрүүлэгт оролцохын өмнө хүргүүлжээ.

Тэрбээр ОУВС-гаас өнгөрсөн жил тусламж авсан Засгийн газрын үйл ажиллагааг үндэслэл болгон буруутгасан байна. Монголын “С1” телевизэд өгсөн ярилцлагад сэтгүүлч парламентаас тарах шийдвэр авахын тулд юу хийх вэ гэж асуухад Ерөнхийлөгч “Өлсгөлөн зарлах уу?” хэмээн хариулжээ. Х.Баттулгын үйлдэл 2020 оны парламентын сонгуулийн өмнөх улс төрийн тоглолт гэж ерөнхийдөө харагдаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн харьяалагддаг Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа дээшлүүлж, парламентад олон суудал авахыг хичээж байгаа нь мэдээж. Одоо эрх барьж буй Монгол ардын намын хувьд 76 суудалтай хууль тогтоох байгууллагын 85 хувийг дангаараа бүрдүүлдэг. Гэтэл парламентыг тараахад нийт гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай. “Алтан бумба” санхүүгийн группийн шинжээч Дэйл Чой “Ерөнхийлөгч Монголын улс төр дэх өөрийн эрх мэдэл, тамгын газрынхаа нөлөөллийг тэлж буй хэрэг.

Энэ бүх тоглолт бол сонгогчдын дэмжлэгийг авч, өөрийн саналыг нэмэгдүүлэх зорилготой” гэв. Монгол Улсын Статистикийн хорооны тооцоолсноор тус улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст 6.3 хувиар өссөн нь өмнөх оныхтой Харьцуулахад 1.2 хувиар өсөлт нэмэгдсэн үзүүлэлт юм. Эдийн засгийн өсөлтийн хувьд Монгол Улсын эрдэс баялгийн экспорт сайжирсантай холбоотой.

Х.Баттулга бол тулааны урлагаас бизнесийн салбарт амжилттай шилжиж, саятнуудын эгнээнд багтсан алдартай нэгэн. Тэрбээр улс төрийн тавцан дахь гол тоглогчдыг олигархууд хэмээн шүүмжилж олон нийтэд танигдсан улстөрч. Монголд улс төрийн тэмцэлд өлсгөлөнг ашиглаж байсан туршлага бий. Тус улсыг 1990 онд Зөвлөлтийн социализмаас ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихэд чухам энэ арга ялалтад хүргэсэн билээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно