2018-10-16 03:03

Х.Баттулга: М.Энхболд, У.Хүрэлсүх гээд анх удаа “MCS” -тэй холбоогүй хүмүүс төрийн гурван өндөрлөгт гарсан


Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцсон билээ. Уг ярилцлагыг зарим онцлох ишлэлийн хамт хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хувьсгал хийе гэж гарч ирсэн, Энэ хувьсгалаа одоо төсвөөсөө эхлэх хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд 10, Ерөнхийлөгч миний бие 15 хувь хэмнэж байгаа бол Ерөнхий сайд 10-20 хувийн хэмнэлт гаргах ёстой. Энэ хэмнэсэн мөнгөөр аж үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Татварын хэлтсийн байр барихад гурван тэрбум, Хууль зүйн нэгдсэн конторын барилга барихад дөрвөн тэрбум төгрөг тусгасан байна. Энэ мэтээр ямар ч барих  шаардлагагүй барилгуудад үр ашиггүй зардал төсөвлөсөн байна. 

Баасан гаригийн орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө танилцуулах байсан ч гадагшаа явсан учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурав л ярилцсан. Хэмнэх саналуудаа би хэлээд, дахин оруулъя гэж ярьсан. 

Манай улс 76 жижиг тойрогтой. Жишээ нь би Баянхонгор аймгийн есдүгээр тойргоос УИХ-д сонгогдлоо гэж бодъё. Тойрогтоо ажлаа хийхийн тулд Сангийн сайдыг огцруулна шүү гэж дарамтална. Манай улс ийм л жишгээр явж байна. Сонгуулийн тогтолцоо, тойргийн тогтолцоогоо эргэж харахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн.

Миний санаачилсан, хийсэн ажлууд бүгд УИХ дээр унаж байна. Тогтолцоогоо шинэчилье гээд байгаа чинь энэ шүү дээ. Монгол Улс тогтолцооны гажуудалд орсон нь тодорхой.

Засаглалаа эргэж харъя. Ингэхдээ ард түмнээсээ асууна. Ингэхдээ яг сонгууль явуулж байгаа юм шиг УИХ-аас батлаад СЕХ зохион байгуулна. УИХ-д 64 суудалтай намын бүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдэж болохгүй. 64 гишүүний гуравны хоёр нь Үндсэн хуулийг уншихгүй кноп дарна.

УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, У.Хүрэлсүх  гээд анх удаа Ухаа Худгийн орд буюу MCS-тэй холбоогүй хүмүүс төрийн гурван өндөрлөгт гарсан. Тийм ч учраас Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гаргаж чадсан. Өмнө нь төрийн гурван өндөрлөгийн аль нэг нь MCS-тэй ямар нэгэн байдлаар холбоотой байсан. Тиймээс ч тэдэнд ашигтай шийдвэр гарсаар ирсэн.

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг анх томилоход би хориг тавьж байсан. Энэ хүн Монгол Улсын Сангийн сайд хийх хүн биш гэдгийг олон удаа сануулсан. Ирэх оны төсөвт өөрийнхөө тойрогт 52 тэрбум төгрөг тавьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн жилийн төсөв дөрвөн тэрбум төгрөг байна. Мөн энэ хүн хүүхдийн мөнгийг эсэргүүцэж байна. Энэ хүн Сангийн сайд мөн үү, биш үү гэдгийг эргэж ярих л ёстой.

Дөрвөн жилийн настай Засаг өнгөрсөн 28 жилд дүнгээ тавиулсан. Тиймээс цаашдаа ямар тогтолцоогоор явах вэ гэдгийг ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Манай улс 1990 онд ОХУ, Хятадтай нэг гараанаас гарсан. Бид газрын дээрх баялгаа боловсруулах, газрын доорх баялгаа эзэнтэй болгох хэрэгтэй. Гаднын иргэд манайд орж ирээд баялгийг маань булаацалдаж шүүх, цагдаагийн байгууллагыг хувааж байна.

Ядаж гадаад бодлого дээрээ дөрвөн жилийн ой санамжгүй байя гэдэг дээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурав санал нэгдсэн.

Майдар хот руу таван их дээд сургуулийг нүүлгэж, Азийн хамгийн том номын санг байгуулъя гэсэн санал гаргасан.

Би утааг найман жил ярьж байна. Шийдэлд хүрэхгүй байна. Надад шийдэл бий. Гэхдээ шийдэл нь дэмжигдэхгүй өдийг хүрсэн. Учир нь миний гаргалгаа тэдний халаасанд нэг ч төгрөг оруулахгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай үзэл бодол, гар нийлдэг учраас хамтарч ажиллаж байна. Гэхдээ ажлын шаардлагаар МАН-ын гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Үйл ажиллагаагаа нам бусаар хийгээд л явж байгаа.

Газрын доорх баялаг ард түмнийх. Тавантолгойн ордоос эхэлнэ. Тавантолгойн уурхай ашигтай ажиллаад эхэлбэл ард иргэдэд ашиг хүртэнэ. Оюутолгойн уурхай ашигтай ажиллавал мөн л бидэнд ашигтай. Газрын доорх баялгаа 76 хүнд алдаад байж болохгүй.

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно