2018-10-03 02:10

Ц.Нямдорж: Б.Пүрэвдорж оо, чи арай дэндэж байна


Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ сарын 7-нд нөхөн сонгууль явуулахаар УИХ-ын тогтоол гаргасан ч Цэцийн шийдвэрээр хүчингүй болоод байгаа. Харин Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ УИХ дахь хоёр намын бүлэг мэдээлсэн.

Тэгвэл уг дүгнэлтийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь хүлээж авахыг дэмжсэнгүй. Гэхдээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар шийдэх бөгөөд хэрвээ Байнгын хорооны дүгнэлтийг дэмжвэл уг асуудлыг Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Харин намрын чуулган шинэ дэгээр эхэлж байгаа ч Байнгын хорооны хоёр дахь хурлаар  зарим гишүүн төдийлөн дэгэндээ баригдсангүй. Учир нь, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр гишүүдийг хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярихыг хязгаарлаж, микрофоныг нь хаах эрхийг хуралдаан даргалагчид олгосон байдаг. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны энэ удаагийн хурлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Цэцийн дүгнэлттэй холбоотой бус, эрх баригчдыг ажил хийхгүй байгааг шүүмжлэн ярив. Харин хуралдаанд оролцсон бусад гишүүн түүнийг эсэргүүцэж, зарим нь түүнд цадигтай байхыг ч сануулаад амжлаа. Ингээд хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр асуулт асууж, байр суурь илэрхийлсэн гишүүдийн хэлснийг тоймлон хүргэе.

Б.Пүрэвдорж:

-Цэц эрх баригчдын талд шийдвэр гаргадаг. 2012-2016 онд ч эрх баригчдын талд шийдвэр гаргадаг байсан. Өнөөдөр ч МАН-ын талд шийдвэр гаргаж байна. Тиймээс Цэцийн асуудлыг өнөөдөр ярихгүй. Харин шийдвэр гаргах шалтгаан болсон МАН-ын асуудлаар ярина. 2016 онд та бүхэн Монголын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж пиардаж сонгуульд ялсан. АН зээл аваад юу хийснийг ард түмэн мэдэж байгаа. Харин МАН иргэн бүрийг 22 сая төгрөгийн өртэй болгочихоод юу хийсэн бэ. Юу ч хийгээгүй. Ховд, Хэнтий аймгийн жишээ байна. Та нар зүгээр л тууз хайчилсан шүү. Ингээд ард түмний сонголтын өмнө очиж чадахгүй байгаа. Тэндээс удаа дараа сонгогдсон танай намын дарга чинь айгаад очиж чадахгүй байна. Тиймээс та нар арга зам хайж нөхөн сонгууль явуулахгүй байхаар аргацааж байна.

Ш.Раднаасэд:

-2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулийг хэрэглэж УИХ тогтоол гаргасан. Гэтэл Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг хууль зөрчсөн байна гэж үзсэн. Харин Хэнтий, Ховд аймагт юу барьсан тухай асуудал яриагүй байна.

Б.Пүрэвдорж:

-Та нар авсан зээлээрээ юу хийсэн юм бэ.

Ш.Раднаасэд:

-Өр зээл тавьсан ах нараасаа асуу. Тэр үед яагаад юу ч хийгээгүй юм бол. Тийм их мөнгө зээлсэн юм бол яагаад ажил хийгээгүй юм. 

Д.Лүндээжанцан:

-Б.Пүрэвдорж гишүүнд хэлэхэд миний хувьд Цэцэд зааварчилсан зүйл байхгүй. Бид гаргасан УИХ-ын тогтоолоо л хамгаалж оролцсон. Өмнөх парламентын үед баталсан сонгуулийн хуулиа хэрэгжүүлсэн. Тиймээс тогтоол хууль зөрчөөгүй. Харин Сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байгаа юм. Бид одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа барьж, нөхөн сонгууль зарлаагүй бол өөрсдөө Үндсэн хууль зөрчих байсан. Түүнээс биш МАН захиалга өгөөд асуудлыг аргалж байгаа хэрэг биш. Айж эмээсэн гэж хэлж байна. Энэ бол улстөржилтийн уянгын халилтай үг байх аа. Хэн, яаж сонгуульд ялж, хэрхэн үр дүн үзүүлэхийг хэн мэдлээ.

Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой юм биш үү. Хэдийгээр УИХ-ын тогтоол хуулийн дагуу гарсан ч иргэдийн эрх хоёр хуулийн завсар зөрчигдөөд байна. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг зургаан сарын өмнөөс ажлаа өгөхийг хугацааг нь багасгаж, гурван сар болговол яасан юм бэ.

Д.Лүндээжанцан:

-Цэцийн дүгнэлт гарснаас хойш Сонгуулийн тухай хуулийг судалж байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль гэсэн гурван төсөл анхны хувилбараараа бэлэн болж байна. Харин шинэ сонгуулийн хуулиа хүлээх үү, эс хүлээх үү гэдэг байна. Хэрвээ намрын чуулганаар шинэ хууль батлагдвал одоогийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хэрвээ амжихгүй бол гишүүд санаачилж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нээлттэй.

Ц.Нямдорж:

-Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулъя гэж бид санал нэгтэйгээр дэмжсэн биз дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд хоёр бүлэг мэдээлэл хийж байна лээ. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга айсан, Цэцийн гишүүд МАН-д үйлчилдэг тухай яриад эхлэв. Жаахан цадигтай байвал яасан юм бэ. Хэн болчихоод ийм зүйл яриад байгаа юм. Арай дэндэж байгаа юм биш үү. Юм хэлэлгүй л яах вэ. Цадигтай, баримттай яриач дээ. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн тухай хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. АН эрх барьж байх үед Р.Бурмаа оруулж, батлуулсан шүү дээ. Би энэ хуулийг хэлэлцэж байхад эсэргүүцээд телевизэд ярилцлага өгч байсан. Энэ үед л төрийн албан хаагчдын эрхэд хориг тогтоосон шүү. Би эзэнтэй юм ярьж байна. Гурван шатны сонгуулийг нэгтгэсэн нь туйлын буруу. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Би чин үнэнийг нь хэлье. Төрийн албан хаагчтай холбоотой заалт оруулсан нь өөрсдөдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн.

-Б.Пүрэвдорж:

-Би юу буруу ярьчихсан юм. Танай намыг шүүмжлэхээр буруу болдог юм уу.

Ц.Нямдорж:

-Арай дэндэж байна аа Б.Пүрэвдорж оо. Чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэн. Юманд хэмжээ хязгаар, ёс жудаг, нас намба гэж байдаг юм шүү дээ. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи жаахан даруухан байж үз. Чи хэн болчихоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, шүүмжлээд байгаа юм. Шүүмжилж болно оо. Гэхдээ үнэн ярь. Цэцийн гишүүдийг МАН томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно