2018-10-02 01:28

Судлаач Д.Ганхуяг: Монгол, Орос, Хятад “гурван халим”


“Жень минь жибао” сонинд гарсан нэгэн товч мэдээг орчуулан хүргэж байна. Энд би цэг, таслал ч хасаагүй, мөн нэмээгүй. Заргалдах дуртай хүмүүс нь “Жень минь жибао” сонин юмуу ОХУ-ын Худалдааны төлөөлөгчтэй маргалдаарай…

Улаанбаатар. 9 дүгээр сарын 27. Монгол, Хятад, Оросын Засгийн газрууд Эдийн засгийн коридор байгуулах хүрээнд ойрын үед хүчээ төвлөрүүлэхээр төлөвлөж буй тэргүүлэх гурван чиглэлийг нэрлэв. Энэ тухай Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч Максим Васильев Синьхуа агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа мэдээлэв.

Түшмэдийн ярьсан энэхүү “гурван халим”-д: төмөр замын төв коридорыг (Улаан-Үд – Наушки – Улаанбаатар – Эрээн – Бээжин – Тяньжин) шинэчилж, хөгжүүлэх; АН-3 автомагистралаар Улан-Үдээс Улаанбаатарыг дайруулан Тяньжин хүртэл авто тээвэрлэлтийг хөгжүүлэх, Орос, Монголын цахилгааны сүлжээг шинэчлэхэд Хятадын үйлдвэрүүдийн оролцох боломжийг судлах ажлууд оржээ.

Үүнтэй холбоотойгоор орос, хятадын байгууллагуудын бэлтгэсэн “5-в-1+М” бүдүүвчээр Төв коридорыг иж бүрэн хөгжүүлэх үзэл баримтлал ихээхэн анхаарал татаж байна. Энэ үйл явцын оролцогчдын дунд Төв коридорыг өргөтгөсөн утгаар ойлгож, түүнийг зөвхөн төмөр замаар биш, харин нефть, хийн хоолой, оптик-шилэн шугам, Оросоос Монголын нутгаар дамжуулан Хятадын Эрээнтэй холбох цахилгаан дамжуулах шугамыг санал болгож буй Эрхүү мужийн Хөгжлийн Агентлаг, Гонконгийн Golden Bridge Technologies зэрэг байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Оросын тал Монголын Гадаад Харилцааны яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын Судалгааны Төвтэй нягт хамтран ажиллахад бэлэн байна.

“Бидний бодож байгаагаар Монголын нутаг дээр хамгийн ойрын үед Оросын төмөр зам болон авто тээвэр, нүүрс устөрөгч, цахилгаан сүлжээний аж ахуйн хүрээн дэх төслийн тэргүүлэх байгууллагуудын хамтарсан ажил эхэлнэ. Бид энэ ажилд Хятадын CNTIC, CNPC, CITIC, China Railway зэрэг төслийн байгууллагууд, АРВМ хөгжлийн Корпораци, бусад мужууд оролцож байгаад талархалтай байна. Ийм хамтын ажиллагааны тодорхой үр дүнгээс Хөтөлбөрүүдийн зохицуулсан төслүүдийн бодит эхлэл, үүнтэй холбоотой Улаанбаатар дахь Хөрөнгө оруулалтыг төлөвлөх гурван талын Төв бүрэлдэх ажил хамаарах юм. Оросын тал энэхүү Төвийн талаарх өөрийн үзэл баримтлал, ажиллах журмыг санал болгоход бэлэн байна” гэж ОХУ-ын худалдааны төлөөлөгч Максим Васильев хэлжээ.

Өнөө үед Монгол дахь Оросын эдийн засгийн ашиг сонирхлыг илэрхийлэх гол зүтгүүр нь “РЖД”, Росатом, Россети болон эрчим хүч, машин бүтээх хэд хэдэн том компани болж байна.

2017 онд Улаанбаатарын төмөр замын (УБЖД) ачаа тээвэрлэлт 22,8 сая тн гэсэн дээд үзүүлэлтэд хүрсэн. Бидний авсан хэмнэлээр тооцвол энэ жилийн ачаа тээвэрлэлт 25 сая тн хүрч, энэ замын нэвтрүүлэх чадварын дээд үзүүлэлтэд тулах болно. “Оросын төмөр зам” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх Үзэл баримтлалыг боловсруулсан ба энд төмөр замын нэвтрүүлэх чадварыг бараг гурав дахин нэмэгдүүлэх хувилбар орсон.

Улаанбаатар төмөр зам нь Ази тивийг Европтой холбосон хамгийн богино чиглэлийн нэг хэсэг болохыг харгалзан Орос улс дамжин өнгөрүүлэх тээврийн асар их хэтийн төлөвийг анхаарч байгаа юм. Засгийн Газрын баримт бичгүүд хийгээд Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дүрэмд заасны дагуу удирдлага, сүлжээ, стандарт, хөгжил нэгдмэл байх зарчмын үндсэн дээр Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл шинэчлэн хөгжүүлэх өргөн цар хүрээтэй Хөтөлбөрийг эхлүүлэх л үлдэж байна.

Оросын худалдааны төлөөлөгч Улаанбаатар төмөр зам хийгээд Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хэтийн төлөв нэн таатай байгааг тэмдэглэжээ. Түүний хэлснээр сонирхогч талууд төлөвшиж буй олон улсын механизм, бизнес-диалогийн хүрээд идэвхитэй хамтран ажиллах хэрэгтэй аж.

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn блог


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно