2018-09-10 04:15

Л.Энх-Амгалан дэмжигдээгүй тул “32” -ын бүлэг Д.Хаянхирвааг ЗТХ-ийн сайдад зүтгүүлж эхэлжээ


8 сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал  Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан билээ.

Иймээс ч Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж буй юм. 

УИХ-ын чуулган нээгдмэгц Ж.Бат-Эрдэнийг Зам Тээврийн Хөгжлийн сайдаас чөлөөлөх эсэхийг шийдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал МАН-ынхан дунд яригдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун нарын нэгийг Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлэх сонирхолтой.

Харин УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгасан аж. Иймээс ч Х.Болорчулуун, Я.Содбаатар нарыг бус УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн Сайдад хамгийн сайн тохирох боломжит кандитат гэж  УИХ дахь "32"-ын бүлэг үзсэн юм. Харин түүнийг сайдад нэр дэвшүүлэн, улмаар дэмжих ямар ч боломжгүй гэдгийг "33"-ын бүлэг илэрхийлжээ.

Хамгийн гол нь Ерөнхийлөгч Х.Баттулга ч Л.Энх-Амгаланг дэмжихгүй нь тодорхой. Иймээс ч "эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй" байх сонголтыг  УИХ дахь "32"-ын бүлэг хийж буй аж. Тодруулбал өөрсдийн бүлгийн Д.Хаянхирвааг Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлээд, түүний оронд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар болохыг зөвшөөрөх гэнэ. Харин "33"-ын бүлгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд өөрөө Зам Тээврийн Хөгжлийн сайдаар ажиллах сонирхолтой байгаа аж. Уг нэр дэвшүүлэлтийн асуудлыг ирэх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг эцэслэн шийдэх бололтой.

 

П.Мандах

sonin.mn

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно