2018-09-07 01:33

У.Хүрэлсүх, Н.Энхбаярыг хэзээ ч “барахгүй”


МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдвөл ямар ч хаалтгүйгээр ялалт байгуулна хэмээн олон нийт үзэж байсан билээ.

Энэ айдас л өнөөгийн Засгийн газрын гол асуудал болж, нөхөн сонгуулийг ирэх оны зургаадугаар сард болох шийдвэрийг ҮХЦ-ээр гаргуулж, өрөвдөлтэй гэмээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэрвээ уншигчид санаж буй бол манай Засгийн тэргүүн нэгэн цагт Н.Энхбаярыг намаас нь түлхэж, бор оймс гозолзуулахад ихээхэн нөлөө үзүүлсэн нь нууц биш. Тэрбээр одоо албан ёсоор улс төр, төр рүү ороод ирвэл салхи ёстой хаашаа ч эргэж мэднэ. Хэдийгээр Н.Энхбаярын чадал харьсан ч үхсэн буурын толгойноос амьд ат айхын үлгэрийг мартаагүй учраас тэд ийнхүү аашилсан хэрэг. Угтаа бол Н.Энхбаяр гэдэг хүн нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэнээс болж МАН-ынхан сандралдаж ямар нэгэн аргаар хойшлуулах тухай санаачилга гаргаж ийнхүү санасандаа хүрч хойшлуулаад байгаа нь энэ.

Тухайлбал, ҮХЦ Иргэний гомдлын дагуу хэлэлцээд “Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн үзэж, ийнхүү УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл ҮХЦ-ээс гаргасан энэхүү шийдвэр хэр үнэний ортой вэ.

Хэн гэгч хүн гомдол гаргаад Цэц иргэний гомдлын дагуу уг асуудлыг шийдэв гэдэг нь ихэд эргэлзээтэй. Ямартай ч олон нийтийн хамгийн ихээр сонирхож байсан ҮХЦ-д хэн гэгч иргэн гомдол гаргаж, 17 мянган иргэний эрхийг зөрчих болов гэдэг асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласан. МАХН-ын нэр дэвшигчээс айхдаа МАН ийм үйл ажиллагаа явуулж байна. Тэдний энэхүү хууль бус шийдвэр Хэнтий аймгийн 42 дүгээр тойргийн 17 мянган иргэний сонгох эрхийг ноцтойгоор зөрчиж, нэг хадам ээжийн гаргасан хүсэлтийг ёсоор болгож бусармаг шийдвэр гаргасан” хэмээсэн юм. Үүгээр ч зогсохгүй тэрбээр тус аймгийн сонгогчдын эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлсэн. Түүнчлэн Хэнтий аймгийн мянгатын дарга С.Ононбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бие хамгаалагч Х-ийн хадам ээж С.Мөнхцэцэг гомдол гаргаж, Үндсэн хуулийн цэц түүний талд шийдвэр гаргаж, захиалгатай үйл ажиллагаа явуулсан. Тиймээс УИХ-ын Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Хэнтий аймгийн 17 мянган иргэний сонгох эрхийг хэрэгжүүлэхийг эрх баригч МАН-аас шаардах болно” гэсэн юм. Ийнхүү тэд өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байсан нөхөн сонгуулийн зарим нэг булхайг бага багаар илчилж байна.

Хэрвээ ҮХЦ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бие хамгаалагчаар ажилладаг Х-гийн хадам ээж С.Мөнхцэцэгийн гаргасан хүсэлтийн дагуу нөхөн сонгуулийг хойшлуулсан бол Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй 17 мянган иргэний сонгох эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болно. Мөн ҮХЦ өөрсдийгөө ямар ч чадамжгүй аль нэг намын захиалгаар явуургүй ажил хийснийг ч баталж буй хэрэг юм. Эцэст нь МАН Н.Энхбаяраас эмээж, түүнийг Хэнтийн өрсөлдөөнөөс шахаж гаргахын тулд дахин башир арга хайж ирэх оны зургаадугаар сард болох сонгуулийг ч хойшлуулж магадгүй бололтой. Ачааны хүндийг өөр дээрээ үүрч гарах ёстой МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм арчаагүй байдлаар өрсөлдөгчдөдөө бэлэг барьсан ч хэзээ ч Н.Энхбаяр гэдэг хүнийг давж гарахгүй гэдгийг түүний үйлдлүүд харуулчихлаа.

erennews.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно