2018-08-30 02:10

Дорнын эдийн засгийн форумаас Ерөнхийлөгч юутай ирэх бол?


ОХУ-ын Владивосток хотноо ирэх сард Дорнын эдийн засгийн форум болно. Энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай манай ерөнхийлөгч уулзах болсон талаар тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэвлэлд мэдээлжээ.

Өнгөрсөн жилийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдагч хөршийн төрийн тэргүүнүүдтэй уулзан улс төрийн яриа хэлэлцээрүүдийг маш амжилттай хийсэн хэмээн Монгол Улсын хамтын ажиллагаа болон Эдийн засгийн корридор хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх ярьж байв. Тэрээр хойд хөршөөрөө дамжин далайд гарах гарцыг бий болгох нь чухал байсан юм. Оросын далайн боомтуудыг ашиглан манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл, гуравдагч орон руу гаргах боломжийг нээсэн транзит тээврийн гэрээний нөхцлийг үндсэнд нь тохирч чадсан. Энэ бол том амжилт гэдгийг ч бас тодотгож байлаа. Харин бид өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл, гуравдагч орон руу нүүрсээ тээвэрлэж чадсан уу гэдэг асуулт зайлшгүй тавигдана. Зарим судлаач, эдийн засагчдын хэлж буйгаар нүүрсний үнийн өндөр өсөлттэй үеийг ашиглаж чадаагүй хэмээн онцолж байна. Тухайн үед Восточный боомтоор нүүрсийг экспортлох боломжгүй атал Ерөнхийлөгч Х.Баттулга хийсвэр зүйл ярьж байна гэдэг шүүмжлэл нэг хэсэгтээ л хөвөрсөн. Тухайлбал, баяжуулсан нүүрсийг Восточный боомтоор тээвэрлэж болох эсэхийг судлах зорилгоор “Энержи Ресурс” компанийнхан 2011 онд туршилт хийсэн юм билээ. Гэтэл зөвхөн тээврийн зардал нь 171 ам.доллар болж байсныг чуулганы үеэр хэлж байсан. Дээрх мөнгөн дүнд ачиж буулгах зэрэг бусад зардал ороогүй гэсэн байдаг. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл автозамаар 28 ам.доллараар тээвэрлэж байгаа. Тэгэхээр зөвхөн тээвэрлэлтийн зардлын зөрүү харагдана. Тиймээс л Владивостокоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн үр ашиггүй гэдгийг илтгэж байна. Нөгөөтэйгүүр ОХУ нь нүүрсний салбарт манай улстай өрсөлдөгчид гэдгийг мартаж болохгүй. Түүнээс гадна биднийг төмөр замаа барьж чадахгүй маргалдсаар байх хугацаанд Владивостокт маш их ажлыг амжуулсан байгааг албаны төлөөлөгчид ярьж байсан. Гэтэл өрсөлдөөнийг бий болгохын тулд гуравдагч орон болон олон улсын зах зээл рүү уул уурхайн түүхий эдийг гаргахыг зорьсон хэмээн Монгол Улсын хамтын ажиллагаа болон Эдийн засгийн коридор хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Эдийн засаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд урд хөрштэй хийсэн гэрээг хойд хөрштэйгөө хийж байна. Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ тэнцүү харил­цааг үзүүлнэ гэж заасан. Тиймээс хүн гайхаад мушгин гуйвуулаад байх зүйл огт байхгүй гэдгийг цохон тэмдэглэе хэмээн тэрээр ярив.

“Хамгийн гол нь Восточный боомтоор нүүрс тээвэрлэх эдийн засгийн тооцоо судалгааг нийтэд ил болгож судлаач, эдийн засагчид нь дүгнэх учиртай. Гэтэл одоог хүртэл ямар ч мэдээлэл байхгүй учраас бодит ажил болоогүй” хэмээн уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлэв. Энэ мэтчилэн ярилцаж, хэлэлцэж, тохиролцсон ажлууд нь бодит амьдралд ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг асуулт хариултаа хүлээж буй. Хэрэв бид Восточный боомтоор дамжуулан гуравдагч орон болон дэлхийн зах зээл рүү тээвэрлэлт хийдэг болчихвол Гашуунсухайтад 140 км үргэлжлэх түгжрэл үүссэн тухай ярьж суухгүй байсан болов уу.

Энэ удаагийн Дорнын эдийн засгийн форумаас Ерөнхийлөгч чухам юу ганзагалж ирэх бол. Цаасан дээр буусан бичиг үү эсвэл аман хэлэлцээр байх уу. Тиймээс бодит ажил болох, эдийн засгийн үр өгөөжтэй, улсын хөгжилд нэмэртэй зүйлийг эхлүүлээсэй гэсэн хүлээлт  нийгэмд үүссэн байгааг дуулгая.

 

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно