2018-07-09 01:52

Засгийн газар иргэдийнхээ халаасыг сэгсэрч өрөө дарлаа


-ШИЙДВЭР ГАРГАГЧИД ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР ГАДАГШЛУУЛАХ БҮРТЭЭ ТӨГРӨГӨӨ ҮНЭГҮЙДҮҮЛЖ, ИРГЭДЭЭ ХОХИРООЖ БАЙНА-

Ч.Хүрэлбаатар сайд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхийг цуглуулж байгаад “Дим сам бондын өрийг төлж дууслаа. Бас бус зөндөө өр дарлаа. Ингэж өр тавиагүйсэн бол зургадугаар сард өрөндөө өгсөн мөнгөөр бүхэл бүтэн цэвэрлэх байгууламж барьчих байлаа.

Авто зам барьсан бол 700 км зам тавих байлаа шүү дээ” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Засгийн газрын нуруун дээр өр төлөх ачаа байгаа нь үнэн л дээ. Өрөө дарж чадсан нь мөн л үнэн. Гэхдээ ганцхан У.Хүрэлсүхийн Засгийн газар өрийн дарамтад ороод өр төлөөд яваа гэвэл үнэнээс хазайсан хэрэг болно. Үе үеийн Засгийн газар өрийн ачаа үүрсээр ирсэн. Бусдаас доллар гуйж зам тавьж, үйлдвэр барихаас аргагүй учраас аль ч засгийг өр тавилаа гэж буруутгахад хэцүү. Манайх шиг доллар үйлдвэрлэдэггүй, дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлээгүй, улс төрийн, бодлогын тогтворгүй орчноосоо болж гадаадын хөрөнгө оруулагчдад гологдсон улсад өр зээл тавьж, хямд хүүтэй мөнгө босгохгүйгээр урагшлах арга өнөөхөндөө байхгүй. Бид өмнөх засгийн тавьсан өрийг төлж байна гэсэн гомдол энэ засгийн өнгөнд л дуулдаж байгаагаас биш Монголын Засгийн газар төдийгөөс өдий хүртэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өрөөс өрний хооронд амьдарсаар ирсэн.

Засгийн газар үнэхээр эрийн сайндаа өр төлбөрөө дажгүй дарчихаж байна уу гэсэн асуулт тавиад хариуг нь хайхаар Сангийн сайдын эрдэж бардаад байгаа шиг утга гарч ирэхгүй. Мундаг гайхам менежмэнт хийгээд өрөө дарсан бол алга ташиж баяр хүргэхэд болохгүй юмгүй л дээ. Харамсалтай нь баяр хүргэж алга таших ямар ч шалтгаан алга. Засаг иргэдийнхээ халаасыг тэмтэрч, сэгсэрч байж өр төлбөрийнхөө ард гарлаа. Шийдвэр гаргагчид их хэмжээний доллар гадагшлуулах бүртээ төгрөгөө үнэгүйдүүлж иргэдээ хохироосоор ирсэн. Энэ удаа ч чаддагаар нь иргэдийнхээ халаас руу гараа дүрж байж өр төлбөрөө барагдууллаа. 2016 оны төгсгөлд ам.долларын ханш 2700 төгрөг хүрч галзуурсан нь тодорхой шалтгаантай. Эрдэнэтийн 49 хувийн хэлцэлтэй холбоотойгоор их хэмжээний ам.доллар гадагшилсан нь долларын ханшийг тэгтэл нь савлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Өнгөрснөөс энэ мэт жишээ түүвэл барагдахгүй.

Засгийн газар “Дим сам” болон бусад гадаад төлбөр өрөө дарахдаа иргэдийн халаас руу яаж орсныг Монголбанкны өнгөрсөн сард хийсэн алхмуудаас харчихаж болно. Төв банк өнгөрсөн сард гурван ч удаа гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй. Хамгийн анх өнгөрсөн сарын 14нд зарласан гадаад валютын дуудлага худалдаандаа оролцоогүй бол тав хоногийн дараа зарласан дуудлага худалдаагаа ч алгассан. Сүүлд нь өнгөрсөн сарын 21нд товлосон арилжаанаасаа татгалзсан юм. Харин маргааш нь яаран сандран ээлжит бус дуудлага худалдаа зарлаж зах зээлд 2451 төгрөгөөр 88.7 сая ам.доллар нийлүүлснийг цахим хуудаснаас нь харчихаж болно.

Ерөнхийлөгч нь эрх баригч намаас томилогддог Монгол банкны хувьд биеэ даагаад бодлого явуулах бололцоо хэтээсээ байхгүй. Эдийн засгаа мэддэг, мөнгөний бодлогоо мэдэрдэг, засагтаа нөлөөлж үгээ хэлж чаддаг, хэлсэн үг нь шийдвэр болтлоо биеждэг хүчирхэг чанаргүй л бол намаа дагаад явахаас өөр зам үе үеийн төв банкны удирдлагуудад байдаггүй. Өнөөгийн Монголбанкны удирдлагын ажлаа авсан цагаас хойшхи шийдвэрүүдээс анзаарахад Н.Баяртсайхан намаа дагадаг удирдлагуудын нэгд зүй ёсоор багтана. Тэгэхээр Засгийн газар “Дим сам” бонд тэргүүтэй гадаад өрөндөө ам.доллар гаргахын тулд Монголбанкаар ийм алхам хийлгүүлж. Төв банк ч засгийн санааг үг дуугүй биелүүлж, үр дүнд нь ам.доллар хэдхэн хоногийн дотор 37 төгрөгөөр өсчээ. МАН засаг барьснаас хойш долларын ханш 503 төгрөгөөр өсөөд байгааг энэ дашрамд онцолъё.

Долларын ханш өсөх нь ордонд суугаа, шийдвэр гаргалцдаг хэдэд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Хадгаламжийнхаа хүүгээр амьдардаг, оффшорт мөнгөө байршуулсан шигээ амар жимэр аж төрдөг, эсвэл төрд ажилласныхаа өгөөжөөр овоо мөнгөтэй, бизнестэй болсон хүмүүст доллар хэд болж галзуурсан ч хамаа байдаггүй. Доллар өсч төгрөг үнэгүйдэхэд хамгийн их хохирдог нь компаниуд ба жирийн иргэд. Шинэ санаа хайж, дажгүй технологи нэвтрүүлж, төрийн хүнд суртлыг тэвчин байж баялаг бүтээдэг компанийн эздэд ханшийн савлагаа хамгийн их нөлөөлдөг юм. Технологио шинэчлэх гэх мэт том зорилгоор долларын зээл авсан компанийн захирлуудын хувьд ногоон валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэх бүрт алдагдал хүлээдэг.

Долларын ханшийн өсөлт хөлсөө дуслуулж цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдийн хөргөгчинд нь нөлөөлдөг. А гэдэг иргэн МАН засаг барьдаг жил 600 мянган төгрөгийн цалин авдаг байлаа гэж төсөөлье. Тухайн үед буюу 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр нэг доллар 1962 төгрөгтэй байхад иргэн А 305 ам.доллартай тэнцэх цалин авдаг байж. Харин өнөөдөр түүний цалингийн хэмжээ 243 ам.доллартай тэнцэж байна. Цалингийнх нь хэмжээ буураагүй хэр нь долларын ханшийн өсөлтөөс болоод авдаг хэдийнх нь үнэ цэнэ ингээд буучихаж. Агийн цалин 62 ам.доллараар буурчээ. 62 долларыг өнөөдрийн ханшид шилжүүлбэл 151900 төгрөг. Доллар өссөнөөс болоод иргэн А-гийн цалин 151900 төгрөгөөр үнэгүйджээ. Энэ мөнгөөр тэр хөргөгчиндөө хамгийн үнэтэй үхрийн мах авлаа гэхэд л 29 кгийг уутлаад хийчихнэ. Ам бүл олуулаа айлд бол сарын хоолондоо хэрэглэчихээр мах. Дахиад тоо бодъё. Өнгөрсөн сард Засгийн газрын бондын өр төлнө гэсэн шалтгаанаас болж Монголбанк валютын дуудлага худалдааг өнжин байж долларын ханшийг 37 төгрөгөөр өсгөсөн. Иргэн А-гийн цалин үүнээс өмнө 247 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 243 ам.доллартай тэнцэж байна. Түүний цалин хэдхэн хоногийн дотор дөрвөн ам.доллараар буурчээ. Хэдхэн өдөрт цалингийнх нь үнэ цэнэ 10000 орчим төгрөгөөр буурчихаж. Энэ хэмжээний мөнгөөр дор хаяж зургаан кг гурил авна. Долларын ханшийн өсөлт иргэдийн халаасанд ингэж нөлөөлдөг. Засгийн газар иргэдийнхээ халаасыг сэгсэрч өрөө дарсан гээд байгаагийн цаад учир энэ л дээ.

Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газар 753 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлөөд байна. Хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 27.6 тэрбум, “Чингис” бондын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум, “Дим Сам” бондын эцсийн төлбөрт 370.5 тэрбум төгрөг төлжээ. Гадаад өр төлбөрт нийтдээ 459.9 тэрбум төгрөг өгсөн тооцоо гарч. Дотоодын өр төлбөрийн хувьд төсвийн алдагдал, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн санхүүжилт гэх мэтэд нийтдээ 293.4 тэрбум төгрөг төлсөн байна. Засаг зүгээс “Дим сам” бондын өрийг төлж дууссан гэж онцлон мэдээлж байгаа. “Дим сам”ыг 2015 онд олон улсын зах зээлээс босгож байсан юм. Нэг тэрбум юань буюу 160 сая долларын энэ бонд анх 7.5 хувийн хүүтэй байсан бол сая төлж дуусахад хүү нь 15 хувиар хэмжигдсэн. Сангийн сайд өр авах ийм аюултай гэж ирээд бондын хүүгийн харьцуулалтыг онцолж харагдсан. Сайдын үгний цаана долоон хувийн хүүтэй гэж авсан зээлийг нь бид 15 хувийн хүүтэй болгож төллөө гэсэн өнгө анзаарагдсан учраас жижигхэн тайлбар шигтгэе. Бондын хүү буюу эрсдэл өсөх гадаад, дотоод олон шалтгаан бий. Нэг шалтгаан нь бонд гаргасан Засгийн газрын бодлогоос хамаардаг. Засгийн газрынх нь бодлого хөрөнгө оруулалтад ээлтэй, эдийн засагт өгөөжтэй бол бондын хүү анх босгосон хувиасаа ч буух бололцоотой. Харин Засгийн газрынх нь бодлого буруу, хөрөнгө оруулалтад халтай бол бондын хүү буюу эрсдэл нь өсөөд явдаг. Тэгэхээр МАНын Засгийн газар хөрөнгө оруулалтын таагүй орчин үүсгэж, буруу бодлого барьсан учраас “Дим сам” бондын хүү буюу эрсдэл өссөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ засаг хэрэгжүүлсэн бодлогынхоо шанг л төлсөн хэрэг. Хэрвээ МАНын Засгийн газрын бодлого зах зээлд эерэгээр нөлөөлж, эдийн засгаа өсгөхөд чиглэсэн бол “Дим сам” бондыг ийм өндөр хүүтэйгээр төлөхгүй байлаа. Засгийн газарт одоо “Чингис бонд”ын хүүгийн төлбөр гэж том ачаа бий. Цаашид хэрэгжүүлэх бодлого нь аятай бол “Чингис” бондын хүүгийн төлбөр тэр хэрээр багасна гэдгийг сануулахад илүүдэхгүй. Үүнээс гадна “Гэрэгэ”, “Мазаалай” бондууд, гадаадын хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөр хүү гэж байгаа. Энэ онд гэхэд 3.8 их наяд төгрөгийн төлөх ёстой өр биднийг хүлээж байна. Үүний 1.2 их наяд нь хүүгийн төлбөр. “Чингис”, “Дим сам” бондын өрийг төлснөөр Засгийн газрын өр 21 их наяд төгрөг болж буурсан гэсэн тооцоо гарчээ. Засгийн газар өргүй байна гэж үгүй, төдийгөөс өдий хүртэл өр авч, өрөө төлсөөр ирсэн. Гэхдээ өр төлбөрөө иргэдийнхээ халаасыг сэгсэрч төлдөг бүдүүлэг аргаасаа татгалзмаар байна.

Иргэдийнхээ халаасыг сэгсэрч, хөргөгчин дэх хүнснээс нь хумслан байж гадаад өр төлбөрөө төлөхгүй байх арга уг нь бий. Оюу толгойгоо улстөржүүлэхгүй үргэлжүүлж, Таван толгойгоо булаацалдахгүйгээр хөдөлгөж, газрын тосны үйлдвэрээ ашиг, мөнгө харахгүйгээр барьчихвал долларын ханшид дарлуулахгүй аж төрөх боломжтой. Улсын хэмжээнд томоохон үйлдвэрлэл явуулдаг шижигнэсэн 30 компанитай байхад л доллар галзуурч, төгрөг үнэгүйдэх эрсдэл арилна. Олон улсын зах зээлээс хямд хүүтэй доллар хайж өр зээл тавихгүйгээр мөнгө босгох ганц л салбар бий. Тэр нь улстөрчдийн ад үзээд байдаг уул уурхай. Санаагаар болдог бол уул уурхайн хэдэн том төслөө зах зээлийн жамаар нь хөдөлгөчихөд л овоо доллар ороод ирнэ л дээ. Баялгаа ашиглаж олсон, эргэж төлөх шаардлагагүй, хүүгийн дарамтгүй доллараар үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулчихвал улсаараа хангалуун амьдрах боломжтой. Гуравхан сая хүнийг аятайхан амьдруулах уг нь тийм хэцүү ажил биш. Хүчтэй дундаж давхаргатай улс л өндөр хөгжилд хүрдэгийг Европын улсууд, Австрали, Америк ойрхоноос хайя гэвэл Хятадаар жишээлж болж байна. Хятад улс чинээлэг дундаж давхаргын тоогоороо тэргүүлээд эхэлчихсэн, таван жилийн хөгжлийн хөтөлбөрт нь “чинээлэг дундаж давхарга” гэсэн тодотгол онцгой байр эзэлж буй. Хятад, Америк хоёр чинээлэг дундаж давхаргынхаа тоогоор урд хойноо орцгоодог. Хүчтэй дундаж давхаргынхан хамгийн том хэрэглэгч, хамгийн сайн татвар төлөгч, онцолж хэлэхээр хөрөнгө оруулагчид байдаг. Тэр ч утгаар нь чадалтай дундаж давхаргынхныг эдийн засгийн гол судас гэж тодотгодог юм. Ямар ч улсын эдийн засгийг дундаж давхаргын эзлэх хувиар нь дүгнэдэг нь ийм учиртай. Халамж горьдохгүй, авлига харахгүй дундчуул олонтой улсын эдийн засаг өсдөг хөгждөг жамтай. Дэлхийн улсууд хүчтэй дундаж давхаргад хамаарах иргэдийнхээ тоогоор өрсөлдөж байхад Монголын төр засагт дундаж давхаргаа дэмжсэн тэр гэж онцлохоор бодлого байдаггүй. Дундаж давхаргаа дэмжих бодлого өнгөрсөн засгийн үед ипотекээр дамжиж хэрэгжсэн удаатай. Харин энэ засаг гарч ирээд ипотекийг хумьсан. Бага хүүтэй, урт хугацаатай ипотек өнөөдөр амь төдий л хэрэгжиж буй.

Шуудхан хэлэхэд төр засагт иргэдээ хангалуун амьдруулах сонирхол алга. Тэр чиг рүү зүглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй явах сонирхол УИХ, Засгийн газарт байна. Сүүлд гэхэд л банкуудыг 500 гаруй тэрбум төгрөгөөр дэмжих хууль баталчихлаа. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан учраас ийм шийдвэр гаргахаас аргагүй гэсэн тайлбар хэлж байгаа. Уг шалтгаан нь тийм ч иргэдэд ачаа болж магадгүй шийдвэр. Инфляциар дамжаад төгрөг үнэгүйдэж мэдэх эрсдэл бий гэсэн болгоомжлол дуулдаж байна. Монголын төр банкуудыг системийн гэж ирээд бодлогоор дэмжсээр өнөөг хүрсэн. Яг нарийндаа манайд системийн банк байхгүй гэж эдийн засагчид онцолдог. Хөгжилтэй улс орнууд эдийн засгийнх нь суурь болсон аль нэг салбараа дагнаж санхүүжүүлдэг банкийг тусад нь байгуулж, тэр банкаа системийн гэж тодотгодог. Өнөө банк нь тухайн салбарыг өсч өндийхөд нэмэр болох бүх л чиглэлийн бизнесийг бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтээр дэмждэг, үр дүнд нь эдийн засаг тэлдэг гэдэг. Дэлхийн улсууд ийм загварыг ашигладаг. Харин манай улс системийн гэж тодотгодог ийм банкгүй , бүх банк нь арилжааны зорилгоор ажилладаг онцлогтой. Наад захын жишээ гэхэд л ногоо тарьдаг компанид зээл өгчихөөд, зоорь барьдгийг нь ашиггүй бизнес гээд зээлд хамруулдаггүй. Хятадаас ногоо импортлохоос аргагүйд хүрдэг гол шалтгаан нь ердөө энэ. Зүй нь хөдөө аж ахуйн салбараа бүхэлд нь дэмжсэн системийн банктай бол ядаж л хүнсний ногоогоо худалдаж авах гэж гадагшаа валют урсгахгүй. Тэгэхээр арилжааны банкуудыг системийн гэж харж дэмжих нь бодлогын хувьд буруу болоод явчихаж байна. Банкны дэмжлэг гэснээс төр засгийн 500 тэрбумын дэмжлэг хоёрхон банкинд хаяглагдсан гэх мэдээлэл бас дуулдаж буй. Эндээс хөөгөөд ухахаар улстөр, эдийн засгийн цөөхөн том бүлэглэл эдийн засагт нөлөөлөх төрийн шийдвэрүүдийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж гаргадаг боллоо гэсэн шүүмжлэл бодитой дүгнэлт байж ч мэдэх юм. Том бүлэглэлүүд өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаад ирэхээр жирийн иргэд, чадлаа шавхаж баялаг бүтээх гэж зүтгэж буй компаниуд л хамгийн ихээр хохирдог. Саяхан гэхэд УИХ Татварын багц хуулиас жижиг компаниудыг томсгоход дэмжлэг үзүүлэх чиглэлийн бодлогын заалтуудыг тусгасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг сугалж аваад буцаасан. Дөнгөж байгуулагдсан компаниуд өндийж чадахгүй дампуурсаар байгаа. Жижиг дунд компаниудад таатай орчин бүрдүүлэхгүй бол эдийн засаг тэлэхгүй, цөөхөн том компанийн ноёрхол дуусахгүй гэсэн болгоомжлолыг эдийн засагчид хэлдэг. Гэтэл УИХ-ын сүүлийн үеийн шийдвэрүүд энгийн иргэдээ, жижиг дунд компаниудаа биш хүчтэй нөлөөтэй цөөнхийн эрх ашгийн талд гарах боллоо. Наад захын жишээ нь сая онцолсон хуулийн төсөл. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн онцолсончлон ямар ч лобби ороогүй, жижиг дундуудыг дэмжсэн хуулийг хэлэлцэхгүй гэж гөжсөнийг өөрөөр тайлбарлах аргагүй. Сүүлийн үеийн бас нэг тод жишээ нь Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлт. Яг үнэндээ эдийн засаг, улстөрийн нэг бүлэглэл нь нөгөөгөө унагах гэж л энэ хуульд өөрчлөлт оруулан байж Захиргааны хэргийн шүүхийг татан буулгахаар улайрч буй нь нууц биш. Нэг нь нөгөөгөөсөө ахиу мөнгө идэх гэсэндээ иргэдийн олноороо хандаж эрх ашгаа хамгаалуулдаг шүүхийн хаалгыг барихаар зүтгэж байгаа нь гашуун ч гэлээ бодитой үнэн.

Эх сурвалж: Өдрййн сонин

Ц.Баасансүрэн


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин (202.131.249.56 / 2018-07-14 09:41 )

    Монгол улсын эдийн засгийг ямар аргаар яаж богино хугацаанд өртөг бага зардлаар хөгжүүлэх талаар эдийн засагчдаас бүрдсэн баг бүрдүүлж улсаа эдийн засгийн хямралаас хурдан хугацаанд гаргах арга олох хэрэгтэй байна. Ядуу ард түмэнтэй улс хөгждөггүй. Засаг өр тавьсан бол дарах нь засгийн үүрэг.