2018-07-03 02:31

“РИО ТИНТО”-ГИЙН ДАВХАР ЦОХИЛТ БУЮУ МАН ӨГӨӨШ ҮМХЭВ ҮҮ


Монгол Ардын намын болон У.Хүрэлсүхийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020 оныг хүртэл татварын орчныг шинэчилж, татварын дарамтыг бууруулах тов тодорхой заалт бий. Өнгөрсөн өдрүүдэд буцсан Татварын багц хуулийн төслийн шинэчлэлийг ч энэ хүрээнд хийсэн.

Гэхдээ УИХ-аас уг багц гурван хуулийн хоёрыг нь дэмжээд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй буцаасан нь бас их сонин. Учир нь, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих амлалт өгсөн атлаа амлалтынхаа эсрэг кноп дарна гэж хэн ч төсөөлөх билээ дээ. Харамсалтай нь, учир шалтгааныг нь судлах нь ээ бас ч үгүй жижиг бус харин том зорилготой ажээ.  Тодруулбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй УИХ-ын гишүүд арай эргээд “Рио Тинто”-гийн өгөөшийг үмхэчихэв үү гэж хардмаар. 
Учир нь, уг хуулийн төслийг Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд олон удаа нээлттэй хэлэлцүүлж, бизнесийн төлөөлөл төдийгүй иргэдийг идэвхтэй оролцох боломжийг нээсэн. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим ч уг хэлэлцүүлэгт оролцож, татварын орчныг шинэ шатанд гаргах хуулийн төсөл хэмээн ихэд үнэлж байв. Гэхдээ бизнесийн төлөөлөл дунд эсрэг саналтай, эсрэг зорилготой нөлөө бүхий төлөөлөл байсан гэдгийг мартаж болохгүй. Тэд бол “Монголын Бизнесийн зөвлөл”-ийн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон Макрей болон Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “АмЧам”, Австралийн Монгол дахь Худалдааны танхим зэрэг “Рио Тинто”-г түшиглэсэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалагчид байв.
Иймд учир шалтгааныг нь илүү нээлттэй мэдээллэх үүднээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эзгүй хойгуур болж өнгөрсөн Татварын тухай хуулийн хэлэлцүүлгийн явцаас цухас дурдая.
Уг хуралдаанд өдгөө Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой шалгагдаж буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан Монголын бизнесийн зөвлөлийг төлөөлж оролцохдоо, уг хуулийн төслийг идэвхтэй эсэргүүцэж, “Би цагт баригдахгүй ярина” гэдэг хатуу үгийг зохион байгуулагчид руу “шидэлж” байсан аж. Мэдээж үүнийг гэрчлэх гэрч, баримт бий гэдэг нь ойлгомжтой. Үүгээр ч зогсохгүй 10 хоног үргэлжилсэн хэлэлцүүлгийн сүүлчийн өдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 21-нд болсон хэлэлцүүлэгт тэрбээр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын төлөөлөлтэй хамт оролцож, уул уурхайн лиценз болон эцсийн эзэмшигчтэй холбоотой тодорхой эрх ашиг бүхий заалт дээр мөн л чанга дуугарсан байдаг. Гэсэн ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбартай холбоотойгоор нэмэлт асуултгүй болоод хуралдаанаас гарсан архив бий. 
Гэтэл сонирхолтой нь, уг уулзалтын маргааш нь буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол дахь барууны хөрөнгө оруулагчдад хуулийн зөвлөгөө мэдээлэл өгдөг “Махони Лиотта” хэмээх хуулийн фирмээс олон нийтэд хандан дөрвөн зүйл бүхий нөлөөллийн захидал илгээсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Монгол дахь Америкийн худалдааны танхимаас УИХ-ын гишүүдэд хандан “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн энэхүү захидлыг Танд хүргүүлж байна… Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгын төсөлд… лиценз шилжүүлэхэд татвар ногдуулах тухай мөн эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал нь Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийгдэж байгаа мэт боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүнзгий уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээлийг хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш. Эрсдэл, зардал нэмэгдүүлэх энэхүү томоохон өөрчлөлт нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх биш үргээх, нэгэнт ороод ирсэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, цар хүрээг хумих өндөр магадлал байгаа бөгөөд үүний гол үндэслэл, шалтгааныг эрхэм гишүүн Та хавсралт материалуудаас харж танилцана уу” гэдэг захидал хүртэл илгээсэн. 
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд дээрх хоёр бизнесийн зөвлөлийн саналыг хүлээж авах боломжгүй гээд түүнийгээ тодорхой дөрвөн үндэслэлээр тайлбарласан. Энэ тухайгаа тэрбээр өөрийн сошиал хуудаснаа уг байгууллагуудад хандаж тавьсан байх бөгөөд дараах тайлбарыг бичиж байжээ. 
1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эцсийн эзэмшигч болох Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол ХХК өөрийн хувьцаагаа бусдад борлуулахаас бусад тохиолдолд анхдагч зах зээлд нэмж хувьцаа гаргах (IPO), жижиг хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхөд татварын асуудал яригдахгүй. Энэ тухай 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яаманд болсон хэлэлцүүлгийн үеэр Танд тодорхой мэдэгдэж, ойлголтоо нэгтгэн, улам боловсронгуй болгох чиглэлээр тодорхой төсөл боловсруулан, Та бүхний саналыг дахиж авах талаар ойлголцоод хурал өндөрлөсөн билээ.
2. Монгол Улсын оршин суугч татвар төлөгч Монгол Улсад бүртгэлтэй компанийн хувьцааг борлуулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4-д заасны дагуу худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох шимтгэлийн дүнг хасаж татвар ногдуулдаг. Энэ харилцаа 2006 оноос хойш хэрэгжиж ирсэн, цаашид ч хэрэгжих болно. Харин оршин суугч бус этгээдийн хувьцаа борлуулсны орлогод Монгол Улс татвар авдаггүй. Хуулийн төслийн үг үсэг ойлгомжгүй байвал Та бүхэн тодорхой саналаа ирүүлэх нь нээлттэй.
3. Анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) буюу хөрөнгө оруулалтад татвар ногдуулах жишиг хаана ч байхгүй. Монгол Улс ч татвар ногдуулж байгаагүй, татвар ногдуулахгүй. Хуулийн төслийн 21.9 дэх хэсэг нь хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олох зорилгоор хувьцаа аваад борлуулсан тохиолдолд үүсэх татварын харилцаа юм. Хуулийн энэ хэсгийн үг үсгийг бид дахин найруулж илүү ойлгомжтой болгохоор ажиллаж байна. Та бүхэн тодорхой саналаа ирүүлэхийг хүсье.
4. Олон улсын жишгээр бусад орнууд орлогын татвараа эх үүсвэрийн зарчим (source rule)-аар ногдуулж байна. Энэ зарчмаар орлогын эх үүсвэр бүхий улс орон тэргүүн ээлжид татвар ногдуулдаг билээ. Энэхүү түгээмэл зарчмыг Монгол Улс мөрдлөг болгож Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод суутган татвар ногдуулдаг. Энэ жишгийг Та бусад улс орнуудаас нийтлэг харж болно.
5. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид шилжүүлсэн орлогод 20 хувийн татвар авах тухай мөн дурдсан байна. Бидний танилцуулж буй хуулийн төслөөр 20 хувийн татвар авах тухай нэг ч үг үсэг байхгүй болохыг Та анхаарна уу. 
Ийн Монголын Сангийн яам Монгол дахь Америкийн бизнесийн зөвлөлийн байр суурь зөрчилдөхтэй зэрэгцэн УИХ дээр Татварын багц хуулийн шинэчлэл унасан нь юм. Хэдийгээр Сангийн яамнаас уг төслийг дахин УИХ-д өргөн барьсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “АмЧамын захиаг бид сүүлд олж авсан. Түүнд туссан бүх саналыг хүлээж аваагүй. Татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах саналууд байна гэж бид үзсэн. Монгол Улс ЕХ-ны татварын хар жагсаалтад орж байсан. Үндэстэн дамнасан том компаниуд харилцан хамаарал бүхий компаниуд хооронд шилжүүлэг хийх маягаар Монголд бага татвар төлж байна гэсэн. Үүнийг бид зөв зүйтэй гэж үзэж үндэстэн дамнасан компаниуд харилцан хамааралтай компаниуд хоорондоо зардлаа өсгөж татвараа бага төлөх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Үүнийг хүлээж авах боломжгүй байсан. Боломжгүйгээ хэлээд байхад УИХ гишүүдэд хэлээд дэмжлэг авах гэж захидал бичсэн юм байна. Энэ нь уг хуулийн төслийг унагах шалтгаан болсон байж магадгүй” гэдэг тайлбарыг мөн л хийсэн. Эндээс харахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцэж буй УИХ-ын гишүүд, тэр дундаа МАН арай “Рио Тинто”-гийн өгөөшийг үмхсэн юм биш байгаа. Дээрх байгууллагуудаар дамжуулж хийсэн давхар цохилт нь ч энэ юм билүү, хэн мэдлээ. Учир нь, хардах эрх бидэнд бий. 

Үндэсний шуудан сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно