2018-07-02 02:56

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын аль нэг нь л огцорч таарах нь


Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулахтай зэрэгцэн идэвхжиж,  албан ёсоор өрнөсөн УИХ дахь МАН-ын бүлгийн зөрчил үгүй болоогүй, МАН-ын 33 ба 32-ын дэд бүлэг бодитой оршсон хэвээр байгаа нь тодорхой боллоо.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбум"-ын бичлэгтэй холбоотойгоор нээлттэй сонсгол хийх саналыг УИХ-ын даргад өргөн барихтай зэрэгцэн өрнөсөн үйл явдлууд үүнийг олонд ил болгов.

УИХ дахь МАН-ын бүлэг 6 сарын 29-ний УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлаар нэг өдрийн завсарлага авч, гэнэт шуурхай хурал зарласан билээ. Уг хуралдаан 17:30 цагийн үед эхэлж, шөнө дөл болтол хаалттай үргэлжилсэн аж.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: "М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг.Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна.Буруутныг хаацайлж байгаа АТГ-ын даргыг ч өөрчилнө. "Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз". Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ" гэжээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд : "Төрийн банк, МИАТ-ийн хувьчлал, Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад Монгол улсыг элсүүлж, захиргааны шүүх, УИХ-ын гишүүний бүрэн эрх, нөхөн сонгууль зарласан гэх мэт асуудлууд Засгийн тэргүүний хүслээр болоогүй учраас их уурсаж ээ. Надад хийсэн гэмт хэрэг байхгүй, Монгол төрийг улс төрийн элдэв сонирхлоос хамгаалсныхаа  төлөө харин элдвээр хэлүүлж байна. 

УИХ-ын даргыг Ерөнхий сайд огцруулдаггүй юм. УИХ-ын 64 гишүүн шийднэ.

Ялагдсан үед нь ЗУГТАЖ, 

Ялсан үед нь бүү ТОДОРЦГОО" гэсэн байна.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Засгийн Газрыг огцруулах гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэх бөгөөд одоогийн байдлаар 20 орчим гишүүн уг саналыг дэмжээд буй аж.

Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хувьд ихээхэн ээдрээтэй юм байна.

Тодруулбал Монгол Улсын Их Хурлын тухай хуулинд: " 10.1. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

 10.2.1. нас барсан;

 10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

 10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

 10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

 10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан." гэж заажээ.

 

Иймээс ч  албан тушаалыг нь авахын тулд М.Энхболдыг ямар нэг гэмт хэрэгт холбогдолтой болгох сонирхол улс төрийн зарим бүлэглэлд байгаа байж мэднэ.

Ийнхүү эрх баригч МАН-ын 33, 32-оороо хуваагдсан зөрчил огт илааршаагүйгээр үл барам улам идэвхжих нь тодорхой болоод байна. Хэрэв энэ зөрчил цаашид үргэлжилвэл М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын аль нэг нь л огцорч таарах нь.

 

С.Сарнай

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно