2018-06-18 07:31

Л.Оюун-Эрдэнэ сэлэм эргүүлэх гээд өөрийгөө сэлэмдчихлээ


Хэнтий сайхан нутаг. Түүх соёл, уул ус нь онцгой. Хөдөлмөрч, ухаант ард түмэнтэй. Эзэн Богдын минь төрж өссөн газар шороо. 

Гэтэл ийм сайхан нутаг, түмнийг төлөөлж төрд ирсэн хүмүүсийн суудал өнцөгдөх гээд байдаг болчихож. Д.Гантулга гэж гайгүй ирээдүйтэй гэмээр залуу байсан нь болчимгүй, ухаангүй  үйлдлийнхээ төлөө Их хурлаас гарахаас өөр аргагүйд хүрэв. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ нь Их хуралд суухгүй гээд мэдэгдчихлээ. Нутгийн дүүгийнхээ төлөөнөөс бухимдсан, улс төрийн элдэв асуудалд ээрэгдсэнээсээ болсон байж болно. Гэхдээ Хан Хэнтийн ард түмнийг хэн УИХ-д төлөөлөх вэ гэдэг асуултын хариу гарцаагүй нэхэгдэх нь. Б.Бат-Эрдэнэ аварга ханхар сүрлэг, Хан уул шигээ эр хүн мөн ч гэсэн гав ганцаараа Хэнтий нутгийг төлөөлж барахгүй л болов уу даа. Нөгөө талаар УИХ-ын гишүүн хүний хэнтэй ч, юутай ч хуваалцахгүй, ямар ч юмаар барьцаалж орхигдуулж болохгүй үүрэг хариуцлага бол хуралдаа суух, сонгогчдоо төлөөлж төрийн хэргийг барилцах явдал билээ. Их хуралдаа суухгүй гэдэг нь хичээлдээ явахгүй гэж уллаж байгаа айлын эрх хүүхдийн үйлдлээс арай өөр зүйл байлтай.   

Д.Гантулга ам алдав

Сая УИХ-аас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулга нэгэнтээ “Иймэрхүү хүчингийн хэрэгт манай Хэнтийн залуу гишүүдийг холбогдуулах гээд байдаг” гээд ам алдчихаж билээ. Хэзээ, юу болж, хэн холбогдсон юм бол гэсэн асуулт хүмүүсийн сонирхлыг эрхгүй татна аа даа. Гэтэл энэ асуудал явж явж Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй холбоотой гэсэн сураг дуулдав. Нэг биш хоёр удаагийн үйлдэл гэж нэг хүн ам алдав. Намынх нь үеийн нөхөд нэр холбогддог гэнэ. “Хэрэг хуучирдаггүй. Шаардлага гарвал сөхөхөөс хулчийх юм алга” гэж хэлсэн хүн ч бий гэх. Хэрвээ энэ үнэн бол ёстой хачин юм болох нь дээ. Худлаа л байгаасай.

Дэвших тойроггүй байсан Л.Оюун-Эрдэнэ

МАН ер нь залуучуудаа жаахан эрхлүүлэх гээд байдаг талтай. Тэд нь “бяруу болоогүй байж бухын баадлаар баах” гээд байдаг гэмтэй. Ирээдүйтэйд тооцогдож, ах нарынхаа хайр, дэмээр дорхноо том болсон залуус МАН-д цөөнгүй. Нэрлэвэл нэлээн урт жагсаалт гарна. Жагсаалтын дээгүүр бичигдэх хүний нэг нь УИХ-ын эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнэ мөн.  МАН-ыг сөрөг хүчин болчихоод, Их хурлын танхимын үүд хаалга дарсан шигээ ягтаж явахад мань хүн Америкт зугаалж, зав гарвал сурах гэж оролдож, ирээдүй маргаашийн тооцоо бодож явсан. 2016 оны сонгууль дөхүүлээд гүйж ирсэн. Дэвших тойроггүй болох шахахад нь өнөө муу Энхболд нь өөд татаж, ногоон гэрлээр нэрийг нь дэвшүүлсэн гэдэг юм билээ. “Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа.

Ах, дүү хоёрын хамжаа М.Энхболдыг унахад томоохон нөлөө болсон

Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Энхболд ахыг минь Ерөнхийлөгч болгоод өгөөч” гэчихсэн, баахан залуучууд тойруулчихаад, Явуугийн цэцэрлэгт инээд хөөр дүүрэн суусан дүр зураг яг жилийн өмнө. Тэр ч байтугай М.Энхболд ахынхаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэлийн багийг ахалж, хамгийн итгэлт дотнын хүн нь болчихсон явснаа ийм амархан мартчихлаа гэж үү? . Төрсөн ах Херо Баатар нь өрсөлдөгч Х.Баттулгын чинь Пи-Ар-ын багийг ахалж байхад болж байгаа юм уу гэсэн хүмүүсийн анхаарлыг огт тоогоогүй энэ М.Энхболд тэгж байгаад бас бодь гэхэд дэндүү бодь нөхөр. “юм шүү дээ” гэсэн яриа байдагт үнэний хувь бий байх аа.

Хараад байх нь ээ, энэ Оюука гэдэг эмэгтэй нэртэй эр нэлээдгүй хүний мөс муутай хүн юм шиг ээ. Залуу хүн ингэж замын эхэнд тараа таниулаад хэрэггүй л байсийм даа. Итгэлийг алдвал эвлүүлж, засаж, буцааж болдоггүй гэдэг дээ.

Эрхэм гишүүн яагаад бухимдав

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын” хэргийг шийдэх ёстой гэж гэнэтхэн бухимдав. Жаран тэрбумын хэрэг гэдэг чинь М.Энхболд гэхээсээ илүү МАН-тай холбоотой асуудал юм биш үү. Сонгуульд оролцох намынхаа санхүүжилтийг босгох гэж элдэв арга чарга хайж явсан нь МАН-ын удирдлагуудыг “60 тэрбумын” хэмээх урхинд унагачихсан гэдэг юм билээ. Сөрөг хүчний нам сонгуульд оролцох гэж үйлээ үзэж, хуйхаа мааждаг нь ганц МАН-ыг биш, АН-ыг ч дайрдаг л юм гэсэн шүү.  Тэгэхээр хэрвээ “60 тэрбумын” гэх асуудлыг сөхөж ярина гэх юм бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч яригдана гэсэн үг. МАН, 60 тэрбум хоёр холбоотой юм бол манай гишүүн ч түүнийхээ нэг хэсэг нь билээ. Тэр чинь МАН-ын гишүүн, залуус талаасаа нэлээд дээгүүр ордог зүтгэлтэн нь биз дээ. Сэлэм эргүүлэх гээд өөрийгөө сэлэмдчихэж байгаа юм байх даа.

 Эх сурвалж: erennews.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно