2018-05-25 03:21

1990 онд 10 гаруй хүн цуглаж үстэй дээл нөмөрч гурав хоног хэвтээд хувьсгал хийлээ гэсэн. Тэр бол овжин төрийн эргэлт


Октябрийн хувьсгалын 100 жилийн ой, Октябрийн хувьсгал гарахад нөлөөлсөн Карл Марксын “Капитал” бүтээл хэвлэгдэн гарсны 150 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын эмхэтгэл хэвлэгдэн гарчээ. Уг эмхэтгэлийг цувралаар хүргэж байна.
 
Октябрийн хувьсгал ба Ази, орчин үеийн Хятад
 
Арваннэгдүгээр сарын 7-нд бид хоёр том үйл явдлыг тэмдэглэж, дурсаж байна. “Капитал” зохиол анх хэвлэгдсэний 150 жил, Октябрийн хувьсгалын 100 жилийн ой. Карл Марксын “Капитал”, 100 жилийн өмнө ялсан пролетарийн хувьсгалыг өнөөгийн хүмүүс эргэж харахгүй, түүхэнд болсон энэ агуу үйл явдлуудыг нулимж суудаг ийм цаг иржээ. Гэхдээ үүнийг ойлгож, эргэцүүлж боддог, учрыг нь ухдаг  эрүүл саруул ой ухаантай хүмүүс байгаад нь, Октябрийн хувьсгалын өдөр МАХН-аас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж байна. Карл Марксын “Капитал” зохиол бол өнгөрсөн зууны хүн төрөлхтний сурах бичиг, оюун сэтгэлгээний түүхэнд гарсан агуу бүтээл туурвил, сургамж, захиа даалгавар гэж үзэх ёстой. Баярлууштай нь энэ бүтээлийг эрдэмтэн Бирваа эх хэлнээс нь буюу германаас орчуулж олны хүртээл болгосон. Өмнө нь орос хэлтэй мэргэжилтэн, орчуулагчид ОХУ-д томилолтоор гэр бүлээрээ  хоёр гурван жил сууж орос хэлнээс орчуулж монголчуудад танилцуулсан. Өнөөдөр Марксын “Капитал”-ыг сонсоогүй, эргүүлж үзээгүй хүмүүс их дээд сургууль дүүргэж байгаа нь тун ч харамсмаар баримт юм. Орос хэлнээс дамжуулж орчуулсан учраас “Капитал”-ыг яг үнэн мөнөөр нь уншиж чадаж байна уу гэдэгт эргэлзэхэд хүрч байсан. Дэлхий дахинд тархсан “Капитал” нэрийн утга учрыг өнөөдөр ойлгож байгаа багш, ойшоож байгаа сурагч хэд байгаа юм болоо? Харвард, Кембриж, Оксфорд зэрэг дэлхийн агуу том сургуулийг улс төр, эдийн засгийн ухаанаар төгсч мэргэжил эзэмшиж байгаа  оюутнуудын гартаа барьдаг ганц судлагдахуун, үндсэн сурах бичиг  нь Марксын “Капитал” зохиол байдаг...1970-1980-аад оны үед биднийг оюутан байхад “Капитал” зохиолыг заадаг, бид чадах ядахаараа үзэж  судалж, багш нартаа ярьж дүн авдаг байлаа. Гэтэл өнөөдөр манайд өч төчнөөн их сургууль, хувийн дээд сургуулиуд байгаа боловч “Капитал”-ыг заадаг багш, уншиж ухаарч байгаа оюутан хэд байгаа эсэх нь эргэлзээтэй. Марксын “Капитал” гэдэг агуу суут бүтээлийг 150 жилийн туршид дэлхий дахин, хүн төрөлхтөн судалсаар, заавар зөвлөгөө авсаар өдий хүрчээ. “Капитал”-ын үндсэн утга нь хөрөнгө гэсэн үг. Азийн орнууд өөр өөрийн хэлээр орчуулсан байдаг. Ялангуяа Хятад, Японд “Капитал” гэж нэрлэсэн орчуулсан зүйл байхгүй. “Капитал” бол хөрөнгийн сургаал, үндсэн гаргалгаа. Хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс нь хөрөнгө. Хөрөнгө гэж ганц мөнгө биш, хүний хэрэгцээнд хэрэг болдог бүх зүйлийг нийлүүлж хэлнэ. Хөрөнгийг Европын олон орон үндэстэн угсаатнуудын нийтийн хэлээр капитал гэнэ. Капитализм бол хөрөнгөтөн. Хөрөнгө гэж юуг хэлдэг, яаж бүтээдэг юм бэ? Хөрөнгө бүтээхэд хүмүүс дуртай ч, дургүй ч үйлдвэрлэлийн харилцаанд орно. Үйлдвэрлэх хүчин харилцаа, нэмүү өртөг, түүний нийгмийн хуваарилалт ямар байх ёстойг Маркс маш тодорхой ойлгомжтой бичсэн. Тухайлбал, нийгэм хамтаараа бүтээж байгаа хөрөнгийг яаж хувааж, хуваарилах вэ гэдэг асуудал. Социализмын үед авьяас чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хөдөлмөрлөснийхөө хэрээр хүртдэг гэсэн алтан дүрэм байсан. Коммунизмд хүрч очих юм бол авьяас чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хэрэгцээнийхээ хэрээр авна гэдэг. Гэтэл хүн төрөлхтөн Марксын агуу их сургаалийг засварласан. Засварлахын эхлэл нь 100 жилийн өмнө болсон Октябрын хувьсгал  байсан. Хожим марксизмыг Ленин хөгжүүлж, тайлбарлаж, нийгмийн бодит байдалд нийцүүлж хэрэглэсэн. Харин өнөөдөр Марксизмын  онол, Коммунизмын тухай ойлголтыг таньж мэдээд ашиглаж тэр замаар хөгжиж, хөгжлийн тодорхой өндөрлөгт хүрч байгаа нь манай өмнөд хөрш байна. 1989 онд тухайн үеийн хятадын удирдагч, онолч, өөрчлөн байгуулалтын их  уран барилгач  Линшопин  (1989 оны) тавдугаар сард тухайн үеийн ЗХУ-ын Ерөнхийлөгчид хэлсэн үг байдаг. “Маркс бурхан болоод 120 жил боллоо. Түүнийг залгамжилсан Ленин нас нөгцөөд  50 гаруй жил боллоо. Энэ хооронд хүн төрөлхтний явж ирсэн хөгжлийн 50-100 жилийн түүхэнд урьд өмнөх мянган жилд гараагүй үйл явдлууд болсон. 100 жилийн өмнөх Маркс, 50 жилийн өмнөх Ленинг босгож ирээд асуух аргагүй. Тиймээс үүнийг гүн ухааны үүднээс яаж тайлбарлах вэ?” гэсэн үг. Өнгөрсөн зууны 1990-ээд он гэхэд социализм, коммунизм гэсэн ойлголтыг үндсэнд нь таягдаж хаясан. Энэ хугацаанд мөнхүү ойлголт, ухагдахуун, үзэл санааг өнөөдрийг хүртэл тээж авч явж байгаа нь Хятадын коммунист нам байна. “1993 онд ЗХУ тарж, ОХУ 15 бүгд найрамдах улс болж салж гараад капитализм, коммунизмын түүхэн уралдаанд капитализм ялж гарлаа. Капитализм коммунизмыг булшиллаа” гэдэг ойлголт гарч ирсэн. Гэтэл коммунизм бол нэг хүн очоод дураараа өшиглөөд унагаачихдаг, тугийг нь галд хийгээд шатаачихдаг зүйл биш гэдгийг дэлхий дахин өнөөдөр харж байна. Коммунист тогтолцоотой улс орнууд өнөөдөр ч гэсэн дэлхийн хөгжлийг араасаа дагуулах хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл, коммунизм, капитализмын хоорондын тэмцэл дуусаагүй. Дуусах нь байтугай шинэ цагт шинэ өнгө аяс, шинэ хүчний харьцаатайгаар үргэлжилж байгаа үйл явц юм. Энэ тухай урьдаас угтан харж, хүмүүсийн  агуу их үйл явдлыг томъёолон бичиж, хүн төрөлхтөнд гэрээс мэтээр хадгалуулсан уг том бүтээлийг Монголд үндсэн төрөлх хэлнээс нь буулгаж хүн ардад хүргэсэн нь манай гүн ухаан нийгмийн сэтгэлгээний хувьд онц чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Аливаа хувьсгал гэдэг, жинхэнэ ёсны хувьсгал дор хаяж 70  жил насалдаг юм байна гэж би ойлгодог. Өнгөрсөн түүхэнд “ардчилсан”, “аж үйлдвэрийн” гээд олон хувьсгал гарсан. Манайд ардын хувьсгал, хятадад иргэний дайн гээд хувьсгал гараагүй орон ховор. Дэлхий ертөнц өнгөрсөн 1000 жилд хувьсгалаар амьсгалж ирлээ. 1917 онд ОХУ-д ялсан Октябрийн хувьсгал бас 70 гаруй насалсан. Түүнээс хойш Октябрийн хувьсгалыг хогон дээр хаясан цаас шиг ойлгодог болсон. Ингэж л өнгөрсөн цагаа авч үздэггүй, анхаарч судалдаггүй болж. Ер нь хүн төрөлхтөн өнгөрсөн түүхээ эргэж харахгүй бол өнөөдөр хаашаа явахаа ч мэдэх аргагүй. Манай Ардын хувьсгалын ой удахгүй болно. Ардын хувьсгал 1990 он гэхэд 70 жил наслаад Ардчилсан хувьсгалын сүүдэрт орж, Ардын хувьсгал гэж ярьсан хүн тэнэгийн туйл болж байсан. Монголын ард түмнийг аварсан Ардын хувьсгал байхгүй бол өнөөдөр юуны ч тухай яриад нэмэргүй. Үүнийг эргэцүүлж, үзэж тунгааж, бодох нь эрүүл саруул хүмүүсийн хийдэг ажил. 1990 онд 10 гаруй хүн цуглаж үстэй дээл нөмөрч гурав хоног  хэвтээд хувьсгал хийлээ гэсэн. Тэр бол ардчилал нэрээр цаг үеийн байдлыг овжин ашигласан төрийн эргэлт. Ийм зүйл байсныг нийгмийн оюунлаг, ухаалаг, юмыг эргэцүүлдэг хүмүүс ойлгож эхэлжээ. Ярьж эхэлж байна. Энэ нь дараачийн Ардын хувьсгалд ч хүргэж магадгүй...
 
Октябрийн хувьсгал үйл хэрэг байхаасаа илүү үзэл санаа байсан. Үзэл санааны үзүүрт коммунизм байсан. Харамсалтай нь тухайн үеийн ЗХУ-ын Коммунист нам,  тус намын удирдагчид коммунизмын тухай марксист үзлийг эвдэлсэн, засварласан. Үүнээс л орчин үеийн хамгийн бузар булхай зүйл хогийн ургамал шиг ургаж гарч ирсэн. Хээл хахуульд ганц Монгол биш, дэлхий ертөнц тэр чигээрээ автсан хүнд үе. Монголын эх орноо худалдаж, ард түмнээ луйвардагчид, хүн ардаа элгээр нь хэвтүүлж, өвдгөөр мөлхүүлсэн албан тушаалтнууд тэр л бузар булхай хөрснөөс ургаж гарсан. Өнөөдөр Монгол орон ийм хэцүү байдалд орсныг миний үеийнхэн сайн ухаарч мэдэхгүй байна. Монголчууд хүний хоол болох уу, хятадын боол болох уу гэсэн түүхэн аюултай зурвас дээр хүрч ирлээ. Октябрийн хувьсгалын үзэл санаа хэзээ ч хаягдахгүй, хэнд ч ад үзэгдэхгүй.  Ардчилал гэдэг бол арга заль мөн. Ардчилсан хувьсгалаас хойшхи 27 жил бол Монголчуудад алдагдсан цаг хугацаа. Ардчиллын хүчээр цөөн нь байшинд орж,олон нь хог дээр хаягдсан. Өнөөдөр Монголд машин нь хүнээ идэж байна. Идэх хоолныхоо мөнгөөр машиндаа шатахуун хийчихээд гэдэс нь хонхолзож явна...Сүүлийн 27 жилд таван ерөнхийлөгч, 15 Засгийн газрын үед өдрөөс өдөрт доройтож, өнөөгийн гарцгүй өдөрт тулж ирсний хариуцлагыг хэн хүлээх вэ? Төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн олигархуудын үүр уурхай болсон хоёр нам хариуцлага хүлээх ёстой. Сүүлдээ хоёр нам нь хоорондоо хүзүү сээрээрээ сүлбэлдлээ. Монголын засаг төрийг далайн чанадынхан ч урт гараараа самарч байна. Шуудхан хэлбэл, АНУ-ын тагнуулын төв газар Монгол Улсыг удирдаж байна. Хүн эх орноо худалдчихаад юу ч болоогүй юм шиг явж байна. Бидэнд хэн нэгний хар толгой хэрэггүй, эх орон газар нутаг хэрэгтэй. Хамгийн үнэтэй зүйл бол хүн ардын эв найрамдал. Үүнээс их өв хөрөнгө гэж энэ ертөнцөд байж таарахгүй. 
 
1911 он хүртэл хэдэн зуун жил Манж хятадын дарлалд буюу луугийн аманд байж Монголын шилдэг эх орончдыг Бээжинд аваачиж хороосон. Гэтэл 1921 оноос 1991 он хүртэл хойд хөршийн чонын аманд орсон. 1991 онд Ардчилсан хувьсгал хийж эрх чөлөөтэй боллоо гэсэн чинь далайн чанадын АНУ гэсэн барын аманд орж 27 жил тарчилж байна. Монголд ямар ч сонгууль явуулаад нэмэргүй. АНУ-ын хоёр намд шургуулсан уяаны нохдоор, хар машинаар нь бид луйвардуулж байна.  Сүүлийн 27 жилийн бүхий л үйл явц Монголын төлөө биш оффшорчдын төлөө явсан...Октябрийн хувьсгал үзэл санааны хувьд оршин тогтносоор байна. Үйл явцын хувьд ч түүхэнд үлдсэн. Коммунизмын тухай үзэл санаа бол хүн төрөлхтний бодож олсон хамгийн гайхамшигтай онол. АНУ нь үндэстэн биш, ард түмэнтэй эзэнт гүрэн. Өөрийн үг хэлгүй үндэстэн гэж байдаггүй.  Манай улсын Ардын хувьсгалын үндсэн нөхцөл нь Октябрийн хувьсгал. Түүнчлэн 1911 оны автономи байгаагүй бол 1921 оны Ардын хувьсгал ч бас байхгүй байсан. Хэрэв Октябрийн хувьсгал байгаагүй бол өнөөдөр монголчууд Хятад Улсын Ар Монголын өөртөө засах орны хүмүүс байх байсан. Туурга тусгаар орон, газар нутгаас үнэтэй зүйл гэж үгүй. Октябрийн хувьсгал дэлхийд шинэ эрин зууныг авчирсан. Хүн төрөлхтөний түүх хувьсан өөрчлөгдөн ирж хүн төрөлхтнийг шинэ хандлага, шинэ зүг рүү ханарахад хүргэсэн хамгийн том, онцгой үйл явдал юм. Өнгөрсөн зууны агуу үйл явдлуудыг эргэж харахгүй,мартчих юм бол хэн ч биш болно. Миний ярьж байгаа зүйл өнөөдөр хэн нэгний эрх ашгийг хөндөхгүй. Миний хэлсэн үг хойчийн үеийнхэнд хэрэг болох биз хэмээн найдаж байна.
 
Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч Цэрэнгийн СҮРЭНЖАВ
 
"Хувьсгал яагаад гардаг вэ?" эмхэтгэлээс...

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно