2018-02-02 04:38

Эрх ашгийн зөрчилтэй жагсагчид ард түмнийг төлөөлж чадах уу?


АН-ЫНХАН МАХН-ЫН ТАНХАЙЧУУДЫГ ХӨЛСЛӨВ
 
АН-ынхан санаачлан, МАХН хүч нэмэн хамтдаа нарийн тооцож, төлөвлөснийхөө дагуу жагсаал зохион байгуулав. Тооцож, төлөвлөснийхөө дагуу хэмээн тодотгосон нь их учиртай. Зохион байгуулагчид жагсагчдыг нийслэлийн есөн дүүргээс автобусаар Д.Сүхбаатарын талбайд авч ирэв. Хүн бүрийн халаасанд харилцан адилгүй хэдэн төгрөг хийсэн гэж байгаа. Хэлэх үг, ярих яриа, хийх үйлдлийг нь зааж өгчээ. Төрийн ордныг хэд тойрч, хэн хэн хаана зогсохыг нь хүртэл тэд шийдсэн байна. Тэд жагсч цугласнаар зам хааж, автомашины зорчих хөдөлгөөнд саад учруулав. Сурагчдын амралт дуусч, хичээл эхэлсэн өдрийг сонгов. Энэ бүхнийг ард түмэн өөрсдөө санаачлан зохион байгуулж, дуу хоолойгоо төрд хүргэхээр нэгдэн нийлж жагссан гэх юм уу. ‘‘Ёстой үгүй шүү” гэж толгой сэгсрэх хүн олон байна. Ердөө л хэн нэгэн хүний эрх ашгийн дохиураар хөдөлсөн жагсаал. Үүнийг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч баталсан. Тэрбээр “Ардчилсан нам жагсаалдаа манай нам /МАХН/-д  байдаг архи ууж хүн зоддог, хэл амтай авгайчуудыг хөлсөлж байгаа юм билээ. Манай намд галзуу, солиотой юм шиг эмээ, эгч нар байдаг. Тэд архи ууж хэн нэгнийг зодчихоод дараа нь хүний эрх ярьдаг. Ийм байдлаар дүр эсгэсэн ардчилал хийж, хүний эрх ярихаа болиоч” хэмээн эрхэм гишүүн жагсаалын бодит үнэнийг цөөн үгээр хэлсэн юм.
Энэ мэтээр хэн нэгний зохион байгуулсан жагсаал цуглааныг овжноор ашиглаж, гол дүр бүтээгчид бас бий. Тэднийг “жагсаалын наймаачид” хэмээн нэрийдэх нь үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
Н.Энхбаярын бөөрөнд наалдаж, Ц.Элбэгдоржийн гар хөл болж, Х.Баттулгыг дагаж далдаганагчид хэмээн сошиал ертөнцөд тодотгож байна. Сүүлийн үед жагсаалын наймаачид морьтой, нүцгэн, хэвтээ гээд хэв маягаа өөрчлөх болсон. Мэдээж энэ төрлийн жагсаал үнэтэй байх нь ойлгомжтой. Идэр есийн хүйтнээр нүцгэн зогсч, хүйтэн чулуун дээр хэвтэхийг хэн хүсэх вэ дээ. Харин “жагсаалын наймаачид” л үүнийг хийж чадна. Тэднийг ийм үйлдэл хийлгэх хөшүүрэг нь мөнгө. Өөрөөр хэлбэл, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий эрх мэдэлтэй хэн нэгэн тэдний халаас, түрийвчийг хүндрүүлсэн болохоор тэр. Жагсаал цуглаан хийх нь болохгүй зүйл огт биш. Гэхдээ түүний хохирогч, хожигч, завшигчид нь хэн байдгийг бодож, санаж явахад илүүдэхгүй. 2008 оны долоодугаар сарын 1-нийг монголчууд мартаагүй, мартах ч учиргүй. Тухайн үеийн жагсаалыг зохион байгуулсан, одоо АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа О.Магнай энэ удаагийнхыг мөн удирдсан нь ард түмний сэтгэлд айдас төрүүлж байв. Яагаад гэвэл, одоогоос арван жилийн өмнөх хар өдрийг зурсан хүн бол О.Магнай, Ж.Батзандан нар гэдэг. Гэтэл тэд одоо албан тушаал, зэрэг дэв ахиж, энгийн иргэд хохирогч болж, амь насаа алдсан. Ингэж л Монгол Улсын түүхийн хуудаст хар өдөр бий болгосон АН-ынхан ард түмнийг тэмцэлд уриалаад байгаа нь зөв, буруу эсэхийг тунгаах л ёстой.
 
АСУУДЛЫГ НААШТАЙГААР ШИЙДВЭРЛЭСЭН Ч ТЭД ЖАГСАХ ЗАМЫГ С0НГ0В
 
АН-ынхан Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхэж ийн жагсаал зохион байгуулжээ. Уг нь эрх баригчид шаардлагынх нь хариуг өгсөн. Өгөх өгөхдөө хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, заримыг нь зохицуулахаар ярилцаж байгаагаа мэдэгдсэн юм. Татвар, агаарын бохирдлыг бууруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн гурван асуудлыг хөндсөн шаардлагыг АН-аас өнгөрсөн сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод ирүүлсэн байдаг. Үүний хариуг өнгөрсөн сарын 31-ний өдөр УИХ-аас тус намд хүргүүлэхдээ хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон шаардлагад дурдсан бусад татварыг бууруулах чиглэлээр УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дурдсан. Тодруулбал, УИХ хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, түүнчлэн эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн хүсэлтээр, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарч болох, тэтгэврийн насыгжилд зургаан сараар нэмэх байсныг гурав болгож бууруулах асуудлаар Хувь хүний орлогын албан татварын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хууль тогтоолын төслйиг нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаагаа тодотгосон. Мөн агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэд хэдэн хуулийн  төслийг хэлэлцэн баталж, УИХ-аас ажлын хэсэг байгуулан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гаргасан. Түүнчлэн Байнгын хороодын хамтарсан тогтоолоор нийслэлийн есөн дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажилтай танилцаж, оновчтой шийдэл, арга хэмжээний талаар санал боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар дурдав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт АН, түүний төлөөллийг оролцуулж, харилцан зөвшилцөх, нэгдсэн ойлголцолд хүрэх арга хэмжээ авч ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд чиглэл болгосон гэдгийг онцлохын зэрэгцээ шаардлагад дурдсан зарим асуудлыг бүрэн шийдэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гаргах нь тодорхой болсон тул олон түмний санаа бодлыг үймүүлэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг эрх баригч намаас хүссэн. Гэтэл тэд жагсав. Яах аргагүй байдалд орсон ч байж болох юм. Учир юу гэвэл, “жагсаалын наймаачид”-д өгдгөө өгчихсөн учраас чимээгүй өнгөрөхийг хүсээгүй байж болох. Ер нь хэний захиалгаар ямар хүмүүс жагсаал цуглаан хийгээд байгаагийн учир начрыг хэнээр ч хэлүүлэхгүй иргэд өөрсдөө олчих байх.
 
СӨРӨГ ХҮЧИН СӨРГӨЛДӨХИЙН НЭР БИШ
 
Дээр дурдсанчлан эрх баригчид АН-ын шаардлагад тов тодорхой хариулт өгөөд байхад жагсаал зохион байгуулах нь илүү л баймаар. Эрх баригчдын хийсэн ажлыг үгүйсгэж харлуулах, тэдний хэлсэн үгийг мушгин гуйвуулах нь сөрөг хүчний хийх ёстой ажил мэт ойлгоод байх шиг. Угтаа бол сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр биш, тэр тусмаа ард түмнийг тэмцэлд уриалах нь бүр ч буруу. Харин тэд эрх баригчдын хийж хэрэгжүүлж буй ажлын зөвийг нь сайшаан дэмжиж, бурууг нь шүүмжилж, засч залруулах санал гарган хамтарч, нийгэм, олон нийтэд хэрэгтэй хууль санаачлан боловсруулж түүнийгээ батлуулахын төлөө ажиллах нь чухал. Мөн энэ сөрөг хүчнийхэнд сөрөх эрх ч байхгүй. Яагаад гэвэл, эдийн засгийг хасах руу оруулж, улсын мөнгөний авдрыг хоосолж, дотоод гадаадаас их хэмжээний мөнгө авч өр тавьж, ард иргэдийг ажил орлогогүй болгосон хүмүүс бол тэд. АН-ынхныг 2012-2016 онд төр засгийн эрхийг барьж байхад иргэдийн амьдрал өнөөдрийнхөөс ямар байсныг тэд, бид мартах болоогүй. Тийм урт хугацаа ч өнгөрөөгүй байна.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно