2018-01-17 01:20

2020 оныг угтсан AH-ынхны бардамнал гишүүний татвараа арав дахин нэмэхэд хүргэлээ


Долоон төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцсэн олны бухимдал эрчимжиж, Засгийн газрын хувь заяаг хэрхэх тухай МАН дахь улстөрчдийн “зодоон” идэвхжиж байх зуур Ардчилсан нам гишүүдийнхээ татварыг нэмээд амжжээ.

Тус намын удирдлагууд уг шийдвэрээ шинэ он шилжих мөчид буюу 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гаргасан бөгөөд “2018 оны эхэнд гишүүнийхээ татварыг буюу 12 мянган төгрөгийг намын дансад тушаахгүй бол саналын эрхгүй Ардчилсан намын сул гишүүн болно” хэмээн дүрэмдсэн байх юм. Угтаа энэ татвар нь өнгөрсөн олон жилийн хугацаанд ердөө л 1200 төгрөг байж ирсэн бөгөөд УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулиар гээд таван жилд гуравхан удаа тод томруунаар ашиглагддаг гишүүдийнх нь хувьд энэ нь боломжийн татвар байж. Харин намын дотоод сунгаа гэдгээр улс төр хийж, засгийн эрхэнд, хууль тогтоох засаглал руу тэмүүлэх бэлтгэгч хүчин болгон ашигладаг намынх нь удирдлагуудын хувьд ийн жирийн гишүүдийнхээ татварыг 1200 төгрөгөөс 12 мянган төгрөг болгон арав дахин нэмсэн нь юуны учир вэ. 
Үүнийг тус намын гишүүдээс тодруулах нь ээ, 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг зөгнөсөн инээд хүрмээр, элэг хөшмөөр сонирхолтой, сонирхолтой хариулт өгөх нь элбэг байлаа. Тэдгээр хариултыг нэгтгэвээс “МАН-ын нэр хүнд унахын хэрээр Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд олонхи болох нь тодорхой. Яг л 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнг зөрүүлээд тавьчихсан мэт үр дүн гарна” хэмээн итгэснийх аж. Тэгэхээр гишүүдийнхээ татварыг нэмсэн шалтгаан нь үүнтэй холбоотой байх талтай. Гэхдээ, Ардчилсан намын түүхэн цаг хугацаанд 170 мянгаар тоологдоод байгаа гишүүдийнх нь хэд нь ялалтын бялуунаас нь хүртэж, хэд нь сонгуулийн өмнө сортолзож, сонгууль дуусахаар гөлбөлзөн амьдарч байгааг тоолоод үзэхэд намын татварт 1200-ыг төлсөн ч, 12 мянган төгрөг төлсөн ч олонхийнх хувьд үр ашиггүй гэдэг нь ойлгомжтой. 
Тэр дундаа бэлэн мөнгөний хомсдолд орсон хөдөө орон нутгийн жирийн гишүүдийн хувьд жилийн эхээр шууд намаа бодож, 12 мянган төгрөг татварт хураалгана гэдэг нэг их амар зүйл биш.

Шинэ жил, цагаан сар гээд та бидний зардал оны эхээр хэрхэн нэмэгддэг билээ дээ. Гэсэн ч ард түмний нуруун дээр ачаа нэмсэн долоон төрлийн татварыг эсэргүүцэж буй Ардчилсан намынхан жирийн гишүүдийнхээ татварыг нэг бус бүр арав дахин нэмж чадсан нь бас л зориг биш гэж үү. Төгсгөлд нь бяцхан нууц задлахад жирийн гишүүдийн татварыг төлөх зорилготой ҮХЗ-ны гишүүдийн цуваа орон нутгаар эргэлдэх давтамж сүүлийн үед нэмэгдсэн сурагтай байна билээ. Өнөөдрийн хоолноос маргаашийн уушиг гэдэгчлэн ёстой л 2020 оныг хүлээсэндээ тэр байх шүү. Ардчилсан намынхны бардамналаа гэж.

Үндэсний шуудан сонин


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин (82.240.207.112 / 2018-01-18 10:34 )

    Улс орон сүйтгэсэн АН их санасан газар ёсөн шөнө хоосон гэдгийн үлгэрийг их л сонсож өөрсдөө биеэрээ эдэлсэн нь саяхан шиг. АН засгийн эрхэнд гарвал улс орон хэрхэн сүйрдэгийн сонгодог жишээг 30 шахам жил амссан ард түмэн яах бол.