2017-12-12 03:22

Энэ намууд хурал хийнэ гэж нүдний булайгаа чирэх юм аа


Монголд хэчнээн ч нам байдаг юм бүү  мэд. 30 гаруй байх. Саяхан л гэхэд “Зөв ба үнэн” ч гэлүү нам байгуулагдсан гэсэн. Худалч хүнд бол гэр бүл бүр л нам байгуулж тоглож байна. Үнэндээ бол онигоотой асуудал. За тэгээд нам байгуулсан нөхөд судлаа булаалдаад юу эс болж байна.

Сүүлийн хоёр жилд мөн ч мулгуу, увайгүй, ичих нүүргүй хүмүүсийн тулаан  үзэв, бид. Өнгөрсөн жил Ардчилсан нам даргаа сонгосон. Таван хүн зэрэгцээд сунгаа хийж өрсөлдсөн. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар. Бас ч гэж дэвшилттэй, гэхдээ л нүүр нүүрээ хараад биенийгээ муулаад явсан. Яг сонгох болоод ирсэн тэр ч мөнгөө тараалаа, энэ  ч ноолуур өглөө хэмээн бөөн л шуугиан тарьж байсан.

Хэвлэлээр биенийгээ ч газар дор орохоос ч илүүтэй “алсан” даа. Тавуулаа ертөнцийн хог шаар болсон. Эцэст нь 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг жамаар С.Эрдэнэ дарга болсон. Түүнийг дарга болохын тулд юу эсийг хийсэн хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй олон л асуудал яригдсан.

Саяхан МАН даргаа солих болов. Их хурлаа сүр дуулиантай хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг намын дарга хүлээж огцров. Намын даргад өрсөлдсөн гурван хүн мөн л цусгүй дайн хийсэн дээ. У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл гурав бол намын дарга хийх байтугай гудамжны нохой ч тоож шиншилмээргүй адгийн хүмүүс болж хувиртал муулсан даа, нэгнийгээ.

Өөрсдөө байг гэхэд пиарчид нь ийм л ажил хийсэн дээ. Одоо бүр сошиал гэгч хуушуурдагчдаар “алуулдаг” болсон. Эрхбиш 1300 хүн суусны хүчинд нэг нь даргаар тодорсон. У.Хүрэлсүхийг олонхи нь дэмжсэн. Энэ хооронд нөгөө л мөнгө төгрөг өгсөн, хайрцагласан гэдэг дуулиан тасарсангүй. Хамгийн эмгэнэлтэй нь Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх хоёрын хэн нь хөдөөнөөс ирсэн төлөөлөгч нараа бие хамгаалагчдаар буудалд сахиулж, их боловсон “хорьж”, хувцас хунар бүр утсыг нь хураагаад авсан гэсэн. Энэ тухай нөгөө өрсөлдөгч нь телевизээр ярьж байсан юм.

Гэтэл уржигдар өчигдөр МАХН-ынхан жинхэнэ жүжиг тавилаа. Ойрд тоглогдоогүй хошин шогийн тоглолт болов оо. О.Баасанхүү нь Төрийн ордонд 800 хүн цуглуулж, Г.Бямбасүрэн гэдэгтэй өрсөлдөөд ялж, МАХН-ын дарга болсон. Гэтэл төрийн ордны гадаа алдарт жагсагч З.Баянсэлэнгэ нар архи уусан, том биетэй залуусыг авчраад дайрах гэж оролдсон юм байх. Намын дэд дарга С.Ганбаатар нь энэ их хуралд сууж байгаа хэр нь шударга үнэний төлөө энд байгаа гэх. Телевизийн камерын өмнө О.Баасанхүүтэй хэрэлдэж байна.

Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр Улсын циркэд хурал зарлажээ. Түүний хүрээллийн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар хууль бус хурал болсныг хэллээ. Тамгагүй  О.Баасанхүү МАХН-ын дарга мөн үү.  Хэнд нь итгэх вэ.

Улс төр тоглоом, гэхдээ дүрэмтэй байдаг гэсэн. Манайд дүрэм ч алга. 

mminfo.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно