2017-12-06 03:16

Даварсан Засаг ноёноо яах вэ У.Хүрэлсүх ээ


Монгол Улсад хавтгайдаа хөндөгдөөгүй үлдсэн цөөхөн аймгийн нэг нь Хөвсгөл бөгөөд тус нутагт дархан цаазтай газрууд ч олон бий. Харин бидний онгон дагшин хэмээн дуулдаг тус аймгийн Засаг дарга  Л.Ганболд аймгийнхаа төсөв хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасан нь олны бухимдлыг хүргээд байна. Аймаг орон нутгийн энэ шийдвэрийн хэрэгжилтийн хугацаа хэзээ эхлэхийг хүлээж, багаж зэвсгээ ирлэн суугаа хэдэн мянган хүн байгааг таахад бэрх. Монгол Улсын үзэсгэлэнт байгальтай газруудын нэг Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх тухай төрөөс гаргасан стратеги ч бий. Гэтэл аймгийн Засаг дарга Л.Ганболд ийнхүү төрөөс баримтлах бодлогын дээгүүр гишгиж чадаж байгааг юу гэх вэ.

            МАН-аас томилолт өвөртөлсөн Засаг ноёны энэ харалган шийдвэрт улстөрийн ууган хүчний шинэхэн дарга У.Хүрэлсүх ямар нэгэн эерэг байр суурь илэрхийлнэ гэдэгт нутаг орныхон найдаж сууна. Уг нь “Хууль хууль бас дахин хууль” хэмээн Ерөнхий сайд болж байсан У.Хүрэлсүх ийм шийдвэрт тэгтлээ дуртай байхгүй биз ээ. Ерөөсөө жалга довны бизнес хийж байсан нөхөд төрд гарахаараа ийм аюултай гэдгийг Л.Ганболд дарга харуулж байгаа хэрэг. Түүний хувьд урьд өмнө ноолуурын үйлдвэр эрхэлж байсан нэгэн гэдгээр нь манай уншигчид ч андахгүй болов уу. Тэгэхээр эрхэм засаг ноёны алт олборлох тухай энэ шийдвэр нь ноолуурын үйлдвэрээ алтны үйлдвэр болгох хэтийн төлөвлөгөө мэт сонсогдож байна. Хөвсгөл аймгийг онгон дагшнаар нь аялал жуулчлалын бүс нутаг болгох тухай Төрөөс баримталж буй бодлогыг үл тоосон Засаг дарга байгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх төдийгүй, МАН-ын Удирдах зөвлөл шат шатны байгууллага нэн даруй анхаарч үзэхгүй бол болохгүй.

            Энэ мэт хууль дүрэм зөрчиж байгаа Засаг дарга нарыг эргүүлэн татах эрх нь Ерөнхий сайдад бий, мөнхүү аймгийн ИТХ-д ч бий. Тэгэхээр алт олборлохыг эсэргүүцэж буй иргэд байна гэдэг нь тэднээс сонгогдсон төлөөлөгчид ч дуугүй суухгүй гэдэгт найдаж сууна. Дашрамд дурдахад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь  Орон нутгийг хөгжүүлэх сангаас хэдэн саяаар нь аваад улсын цол авсан бөхдөө өгчихдөг,  түүнийгээ миний халаасны мөнгө хэмээн ярьж чаддаг нэгэн аж. Үүнээс харвал Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө бол түүний халаас, нэг төрлийн хэтэвч нь бололтой юм.

            Хөндлөнгийн эх сурвалжийн хэлснээс үзвэл өнгөрөгч аравдугаар сард болсон Аймгуудын өрсөлдөх чадварын уулзалтын үеэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь “Аймгийнхаа газар нутагт лиценз өгч олборлолт явуулах хэрэгтэй. Тэгвэл бид хөгжих гээд байна” гэсэн утгатай зүйл яриад шүүмжлэлд өртөж байсан аж. Үүнээс харвал Л.Ганболд Засаг ноёны суудалд залраад төлөвлөж байсан нэг гол ажил нь олборлолт явуулах байжээ гэж ойлгогдохоор. Яагаад гэхээр Засаг дарга маань эртнээс Тамгын газрын дарга болсон бусад албаны хүмүүсээрээ томоохон хурал цуглаан дээр хэлүүлээд байж гэж ойлгож болно.

С.Баяр

Шуурхай.мн


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Дарваан хар (202.55.191.99 / 2017-12-26 05:20 )

    Хүрэлсүх шалчийсан боожгой болсон.Одоо босохоосоо өнгөрсөн.